Ли Көцяны Монголд хийх айлчлал үр өгөөжтэй байна гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-12 16:15:11

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийх гэж буй айлчлал нь Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг Монголын “Талын зам” хөтөлбөртэй холбоход түлхэц үзүүлнэ гэж Хятад улсын ГХЯ-ны нөлөө бүхий албан тушаалтан хэллээ.

Ли Көцян долдугаар сарын 13-14-нд Монголд анхны албан ёсны айлчлалаа хийх гэж байгаа юм. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Хятад улсын Ерөнхий сайд Монголд анх удаагаа айлчлах гэж байгаа нь энэ юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу даваа гарагт хэвлэлийн бага хурал хийн “Ерөнхий сайдын энэ айлчлал хөрш хоёр улсын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ” гэлээ.

Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийж, дараа нь хэвлэл мэдээллийнхэнд хамтарсан мэдэгдэл хийнэ гэж Кун хэлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нартай Ли Көцян уулзана.

Хоёр улсын эдийн засгийн зурвасын санаачилгуудыг холбох, худалдаа, эрчим хүч, санхүү, хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлыг Ли болон Ж.Эрдэнэбат нар хэлэлцэж, санаа бодлоо солилцох ажээ.

Куны мэдэгдсэнээр, хоёр талын харилцааг бэхжүүлэхэд түлхэц болох, хоёр улсын ард түмэнд үр өгөөжөө өгөх хамтын ажиллагааны олон тооны хэлэлцээрт Лигийн айлчлалын үеэр гарын үсэг зурна.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли мөн долдугаар сарын 15-16-нд Монголын нийслэл Улаанбаатар хотноо болох Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Энэ онд АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байна. АСЕМ-ын анхны дээд түвшний уулзалт 1996 онд Таиландын нийслэл Бангкок хотноо болж байсан юм. АСЕМ нь 53 гишүүн бүхий засгийн газар хоорондын форум билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ