АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт хоёр орны харилцаа зөөлрөх үе шат руу орж байгааг илтгэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-17 17:15:02

Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар анх удаагаа дээд хэмжээний цахим уулзалт хийлээ.

    Энэ удаагийн уулзалтаар хоёр орны төрийн тэргүүн нар талуудын харилцаанд тулгарч буй бүхий л зөрчил, “халуун сэдэв”-ийг хөндөж ярилцав.

Тодруулбал, цахим уулзалтын үеэр төрийн тэргүүн нар худалдаа, хүний эрх, Хонконг болон Тайванийн асуудал зэрэг маргаантай асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Харамсалтай нь, талуудын байр суурь зөрдөг асуудлуудын тухайд талууд зарчмын байр сууриа хатуу хадгалж, зөрчилдөөнийг шийдвэрлэх тал дээр ахиц гарсангүй.

Гэсэн хэдий ч хурлын нээлт болон уулзалтын дараа хэлсэн эерэг сэтгэгдэл, уур амьсгалаас харахад хоёр орны харилцаа намжих үе рүүгээ орж байна хэмээн шинжээчид дүгнэсэн байна.

Хурлын эхэнд найрсаг уур амьсгал илэрхий байсан бөгөөд эхлээд Байден хэлсэн үгэндээ Хятад, Америкийн өрсөлдөөний гол зохицуулалт шаардлагатай сэдвүүдийг онцолсон байна. Байден хэлэхдээ, хоёр орны удирдагчид хоёр орны харилцааг зөрчилдөөн рүү шилжүүлэхгүй, хязгаарлах үүрэгтэй. Санал зөрөлдсөн асуудлууд дээр талууд тодорхой, илэн далангүй байж, ашиг сонирхол нийцэж буй асуудлууд дээр хамтарч ажиллах ёстой гэв.

Ши Жиньпин хариуд нь, хоёр орон хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстойг онцлов. Тэрээр хэлэхдээ, талууд өөрсдийн хөгжлийг ахиулж, энх тайванч, тогтвортой олон улсын харилцааны орчныг хадгалж, цаг уурын өөрчлөлт, коронавирусний тахал зэрэг дэлхийн хэмжээний сорилтуудад үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд “хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой байх шаардлагатай” гэжээ. 

 

 

Холбоотой мэдээ