АНУ Ирак руу 500 гаруй цэрэг нэмж илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн гол түшиц газар болоод байгаа хотыг чөлөөлөхөд Иракийн хүчнийхэнд туслахын тулд Ирак руу АНУ 560 цэрэг нэмж илгээнэ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер даваа гарагт Иракийн нийслэл Багдад хотод айлчилжээ.
Тэрбээр тэнд байрласан АНУ-ын армийн алба хаагчдад хандан үг хэлэхдээ нэмж цэрэг байрлуулахыг мэдэгдсэн байна. 560 цэрэг нэмж байрлууснаар Ирак дахь АНУ-ын цэргүүдийн тоо 4600 гаруй болно.
Шинэ цэргүүдийг Каяяарагийн агаарын цэргийн хүчний бааз руу илгээх аж. Мосул хотоос өмнө зүгт 60 орчим км зайтай оршдог тус баазыг Иракийн хүчнийхэн өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн юм.
Мосул хот нь “Лалын улс”-ынхны гол түшиц газар билээ.
АНУ-ын цэргүүд Иракийн хүчнийхэнд Мосулыг чөлөөлөхөд туслах аж.
“Лалын улс”-тай тэмцэх кампанит ажлын хүрээнд АНУ он гарснаас хойш Ирак руу хэд хэдэн удаа цэрэг нэмж илгээсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ “Ирак дахь АНУ-ын цэргүүд хуурай замын томоохон хэмжээний ажиллагаануудад оролцохгүй” гэв.
Гэхдээ Ирак руу удаа дараа цэрэг нэмж илгээж байгаа нь АНУ-ын армийнхан байлдааны ажиллагаанд шууд оролцож магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна гэж ажиглагчид хэллээ.
Г.Доржханд