Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нэгдүгээр сард багтаан боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-17 10:35:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт барих арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ирэх оны нэгдүгээр сараас хэтрүүлэхгүй боловсруулж дуусган, ажлаа эхлүүлнэ.


ТЭЗҮ-ийг Италийн компанитай хамтран хийж байгаа бөгөөд албаны төлөөллүүд бүх гэрээ хэлцлээ байгуулжээ. Гэрээний хүрээнд төслийн 15 хувийг нь Монголын, 85 хувийг нь Италийн Экспорт импорт банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм.  


Төмөр зам дагуу урд, хойд хөршөөр дамжин зах зээлд гарах боломжтой, мөн нийт малын 70 хувь нь нийслэлээс баруун зүгт байдаг тул түүхий эдийн байршлаа даган тус үйлдвэрийг Дарханд байгуулах нь зөв гэж шийджээ. Энд 10 сая арьс шир, 2 мянга орчим тонн ноос ноолуур боловсруулах зорилготой.  Эхний ээлжинд 4 сая орчим богийн арьс, 400 мянган бодын шир боловсруулах хүчин чадал бүхий сүүлийн үеийн дэвшилтэт үйлдвэр байгуулна.


Түүнчлэн, энд малын гаралтай түүхий эдийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж, “Эрдэнэт үйлдвэрээс тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх аж. Харин үйл ажиллагааны ашгаас Эрдэнэт үйлдвэрт ногдол ашиг хуваах, эсвэл тодорхой хувь эзэмшигч байх эсэх талаар эцсийн шийд гараагүй хэлцэл хийж байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарын үйл ажиллагаагаа танилцуулахдаа дурдсан юм.


Үүнээс гадна төрөөс Ховд аймагт барих үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг барихад 19.2 тэрбум төгрөг шаардлагатай байсны 9.7 тэрбумыг нь төсөвт тусгаж өгснөөр ажлаа хийж дуусгах боломжтой болжээ.


Хувийн хэвшлийн компаниуд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрээ барих ТЭЗҮ-ээ боловсруулаад байгаа. Нийт бүтээн байгуулалтын төслийн өртөг нь 35.7 сая ам доллар бөгөөд 51.8 сая ам долларын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх экспортын баримжаатай аж үйлдвэр болохыг салбарын сайд хэлсэн юм. 

Холбоотой мэдээ