Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15-нд хуралдаж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийлээ.
Энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах журмыг тогтоосон. Мөн УИХ-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж, томилохоор заасан байна. Шүүхийн сахилгын хороог 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулж буй бөгөөд хуульд зааснаар шүүхийн төсвөөс санхүүжих бие даасан байгууллага юм. Тус Хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх ба гишүүд нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдоно. Үүнд, хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилох юм.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголд Сонгон шалгаруулалтын ажлын багийн гишүүдийн олонхийн санал авсан таван нэр дэвшигч болон Сонгон шалгаруулалтын ажлын багийн гишүүд, мөн оролцогч, ажиглагчид хүрэлцэн ирсэн байв.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Сонгон шалгаруулалтын ажлын баг өнгөрсөн сарын 19-нд хуралдаж УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд ажлын багийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан байна.
Нэр дэвшигч Ц.Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, нэр дэвшигч Д.Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, нэр дэвшигч Д.Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, нэр дэвшигч Х.Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажилладаг аж. Томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигчид тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага, хэрвээ томилогдвол хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өглөө.
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс ашиг сонирхлын зөрчил болон гэр бүлийн эрхэлдэг бизнес, ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар, шүүхийн шинэчлэл, томилогдвол хийх ажилтай нь холбогдуулан асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Байнгын хорооны дарга С.Бямбацогтоос Сонгон шалгаруулалтын ажлын багийн ахлагчийнх нь хувьд асуулт асууж, хариулт авав. Ш.Адьшаа гишүүний асуултад нэр дэвшүүлсэн болон шалгаруулалтын явц, Сонгон шалгаруулалтын ажлын багийн бүрэлдэхүүний талаар хариулт өглөө.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа сонсголд хүрэлцэн ирсэн оролцогчид мөн нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа илэрхийлсэн бол хүрэлцэн ирсэн ажиглагчид томилгооны сонсгол хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналтаа тавив. Оролцогч П.Бадамрагчаа (Нээлттэй нийгэм форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн менежер), Т.Амарзаяа (“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын тэргүүн), Н.Ганболд (“MonPass” компанийн захирал), Г.Баасан, Е.Өлзийбат нарын асуусан асуултад болон иргэдээс бичгээр ирүүлсэн асуултад нэр дэвшигчид хариулт өглөө.
Үргэлжлүүлэн томилгооны сонсголын дэгийн дагуу УИХ-ын гишүүд үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Та бүхэн өөрсдөө хараат бус, шударга ажиллаж чадна гэж нэрээ дэвшүүлж орж ирсэн. Шүүгчдийг шүүх гэж буй учир шүүгчээс илүү мэдлэг, ур чадварыг шаардана. Та бүхэн олиггүй байвал бидний хийсэн шүүхийн реформ нурж унана, сайн ажиллавал эерэг өөрчлөлтүүд гарна” гэлээ.
Төгсгөлд нь Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлж, сонсголыг өндөрлүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.