“Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг зүүн болон говийн бүсэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-15 19:51:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод “Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь” зүүн болон говийн бүсийн хэлэлцүүлэг энэ сарын 11-12-нд боллоо.


Гадаад харилцааны яам,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төсөлтэй хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн төрийн байгууллагууд хувийн хэвшлийн 180 гаруй төлөөлөгч оролцлоо.


Оролцогчид бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хүний эрхэд учирч буй сөрөг нөлөөлөл, нийгмийн халамж, татварын бодлого зэргээс улбаалж бизнесийн салбарт тулгарч буй бэрхшээл, хүний нөөцийн дутагдал зэрэг асуудлыг тухайлан хөндөж байлаа. Уул уурхайн салбарын үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой орон нутгийн эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгох, төсөв, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл явцад нутгийн иргэдийн санал, байр суурийг харгалзан үзэх, бизнесийн байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэх нь чухал гэдгийг мөн онцлов.


Зүүн болон говийн бүсийн хэлэлцүүлгээр хөндөгдсөн асуудал, санал зөвлөмжийг бизнес ба хүний эрхийн асуудлаарх суурь судалгаанд тусгаж, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад ашиглах юм.


Хэлэлцүүлэгт үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын багаас Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний комисс, МУИС-ийн Бизнесийн сургууль, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар мөн оролцов.

Холбоотой мэдээ