Далласт цагдаа нарыг хөнөөсөн этгээд томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАЛЛАС. /АР/. Цагдаагийн алба хаагчдыг буудан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж магадгүй гэж АНУ-ын Даллас хотын Цагдаагийн газрын дарга Дэвид Браун мэдэгдлээ.
Тэрбээр “Си-Эн-Эн” телевизэд өчигдөр ярилцлага өгөхдөө “сэжигтэн Мика Жонсоны гэрт мөрдөн шинжээчид нэгжлэг хийн их хэмжээний тэсрэх бодис олсон” гэв.
Түүний хэлснээр, сэжигтний гэрээс Даллас хотыг сүйрүүлэх хэмжээний тэсрэх бодис олдсон байна.
Дэвид Браун цааш нь хэлэхдээ “сэжигтэн томоохон халдлагууд үйлдэхээр төлөвлөж байсан бөгөөд пүрэв гарагийн эсэргүүцлийн жагсаалыг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж гэж харан цагдаа нарыг буудсан гэж бид таамаглаж байна” гэлээ.
Саяхан хар арьст хоёр залууг цагдаа нар буудан хөнөөснийг эсэргүүцэн жагсаал хийх үеэр таван цагдаа буудуулан амь үрэгдсэн юм.
Харин сэжигтэн Жонсон байцаалт өгөхдөө “цагдаа нар хар арьстнуудыг ялгаварлан гадуурхаж, буудан хөнөөсөнд би их уурласан. Тиймээс цагаан арьст цагдаа нарыг буудан хөнөөхийг хүссэн” гэжээ.
Г.Доржханд