Н.Учрал: 67 төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан байна. Ажлын баг Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төвийн ажилтай танилцжээ.
Ажлын баг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн хуралдаанаараа нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн саналуудыг хуралдаанд танилцууллаа. Үүнд:
1.Нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа мэдээллийг хүн хуулийн этгээдээс шаардахгүй байх талаар хуулийн төслийн зарчимд нэмж тусгахаар;
2.Мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлаас гадна “гэрээний хэрэгжилт”-ийг байнга, нээлттэй, ил тод байлгахаар;
3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээг Үндсэн хуулийн цэц хариуцаж байнга, ил тод, нээлттэй байлгахаар;
4.Мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд нь иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ үндсэн болон дэмжих системийг ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд Засгийн газраас баталсан аргачлалын дагуу зардал төлөхөөр;
5.Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй нийцүүлэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох санал танилцуулсан юм.
Мөн УИХ-ын гишүүд сэтгүүлчид мэдээлэл олж авах эрхийг хэрхэн хангаж буйг тодрууллаа. Ажлын багийн ахлагч Н.Учрал, “Энэ хуульд мэдээллийг нээлттэй, хязгаартай, хаалттай гэж ангилсан. Хуулийн төсөлд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс эхлээд 5 багц, 67 төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй болгохоор тусгасан. Нээлттэй мэдээллийг сэтгүүлч нараас эхлээд хүн бүр ашиглах боломжтой. Үүнээс гадна сэтгүүлч нар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл цуглуулах эрх нь нээлттэй байхаар тусгаж байгаа. Хязгаартай мэдээлэлд гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын мэдээлэл хязгаартай. Гэхдээ прокурорын зөвшөөрлөөр авч болно. Харин хаалттай мэдээлэлд төрийн нууцад хамааруулсан гурван чиглэлийн асуудал багтаж байгаа” гэлээ.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулган өндөрлөв.