Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан 3 жилийн ажлыг дүгнэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос АХБ-тай хамтран Улаанбаатар хотноо өнөөдөр “Жендэр ба хөгжил-2021” үндэсний чуулганыг зохион байгуулж
байна.
Чуулганаар Жендэрийн
эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний
хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд 2018 онд болсон “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба хөгжил” олон
улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын
тунхаглал”-ын хэрэгжилтийг хэлэлцэж байна. Мөн үндэсний
түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэж, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг
тодорхойлж, зөвлөмж боловсруулах юм.
“Улаанбаатар тунхаглал”-ын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, жендэрийн шалгуур үзүүлэлтийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах гэсэн 3 дэд чиглэлээр 21 зорилт дэвшүүлсэн юм.
Жендэрийн Үндэсний хороо
нь дээрх зорилтыг
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр арга
хэмжээний төлөвлөгөө”
(2017-2021)-нд
тусган хэрэгжүүлж ирлээ. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг АХБ-тай хамтран
Японы Засгийн газрын санхүүжилтээр 2017-2019 онд “Салбар, орон нутгийн хөгжлийн
жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”, 2019-2021 онд “Иргэний
нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны
төслөөр дамжуулан үндэсний хэмжээнд
ханган ажиллажээ.
Үр дүнд нь Монгол Улсын нийт 14 салбар яам, нийслэл болон
нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн захиргааны байгууллагууд жендэрийн
мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг
болж, үндэсний хэмжээнд жендэрийн тэгш эрхийг хангах тогтолцоо бэхжээд байна.
Монгол Улс Дэлхийн Эдийн засгийн форумаас жил бүр танилцуулдаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 орноос 69-рт жагссан амжилт үзүүлээд байна.
Мөн төслүүдийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм,
эдийн засаг, соёлын харилцаан дахь жендэрийн тэгш эрхийг хангахад сөргөөр
нөлөөлж буй жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендэрт суурилсан
ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс сэргийлэхэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг
дээшлүүлэх зорилтот үйл ажиллагаа өндөр үр дүнтэй хэрэгжив.
Гурван жилд нэг удаа болдог энэхүү чуулганаар “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого төлөвлөлт, төслийн ололт амжилт, алдаа оноо, сургамжийг тодорхойлох юм. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, эдийн засгийн тэгш оролцоог хангахад олон талын оролцоог идэвхжүүлэх үүднээс зөвлөмж боловсруулж Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлын хэтийг тодорхойлох ач холбогдолтой.
Чуулганаар
“Зохистой
хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт”, “Хөдөөгийн хөгжил ба
жендэр”, “Жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа” гэсэн 3 салбар хуралдаан зэрэг болж, панел хэлэлцүүлэг, илтгэлүүд тавьж байна.
Чуулганы нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, УИХ-ын даргын Зөвлөх Ц.Цогзолмаа, АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Шигэрү Кикүма, Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцож үг хэллээ. Чуулганы онцлох илтгэлийг “Монгол Улс дахь жендэрийн хөгжил” сэдвээр Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр тавьж байна.