ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдыг “Алтан гадас” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-04 18:14:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминтой энэ сарын 3-нд уулзжээ.


Уулзлалтаар Элчин сайд Д.Даваа сүүлийн хоёр жилийн хугацаанд нягт хамтран ажилласан явдалд талархал илэрхийлж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүлээн авалтад урьж байгаагаа дахин уламжилсан юм. Мөн 100 жилийн ойн хүрээнд хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фоминыг Монгол Улсын Төрийн өндөр дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулсан байна. Мөн тус яамны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын дарга, дэслэгч генерал А.А.Кшимовски, Ерөнхий газрын цэрэг-техникийн буцалтгүй тусламж хариуцсан бүлгийн ахлах, 1-р зэргийн ахмад А.А.Мойсеенког “Найрамдал” медалиар шагнасныг гардуулжээ.


Орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин сүүлийн жилүүдэд Монгол, Оросын цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үүнд үнэтэй хувь нэмэр оруулсан Элчин сайд Д.Даваад талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ