Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын санаачилгыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-03 18:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн М.Конкиевичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улстай олон жилийн турш хамтран ажиллаж, ардчилсан тогтолцооны хөгжил, ялангуяа парламентын чадавхыг бэхжүүлэхэд дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь УИХ-тай хамтран сүүлийн жилүүдэд хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд, Монгол Улсын төрийн албыг бэхжүүлэх, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчийн ур чадварыг дээшлүүлэх, институцийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Иймд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна гэв. 


Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаад 45 жил болсныг тэмдэглэв. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүхий л санаачилгыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл хэрэгжүүлж байгааг дуулган УИХ-ын даргыг уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжихийг хүсэв.


Талууд Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн ажил, цаашдын төлөвлөгөө, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн талаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Холбоотой мэдээ