Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс үнийн чөлөөлөлтийг ярихаас өөр гарцгүй болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан коронавирусний нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг өнөөдөр танилцуулж, иргэдийг вакцины гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.
-Монгол Улс дотооддоо бүхий л салбараа нээхийг зорьж байна. Гэхдээ гадаад орчин хаалттай хэвээр байна. Хил гаалийн асуудлаа шийдвэрлэхэд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсаас огт хамааралгүй нөхцөл байдал үүсэж байна. Манай хөрш орнууд тэр дундаа БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа. Энэ нь бидний экспортод нөлөөлж байгаа. БНХАУ-д халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй өдрөөс 21 хоногийн дараа хилийн боомтоо нээнэ гэдэг журам хэрэгжиж байна. Ерөнхий сайдын хувьд хил гаалийн байгууллагаас өдөр бүр мэдээлэл авч байгаа. Нэг өдөр огт бүртгэгдээгүй бол маргааш нь 1, 2, 3 бүртгэгдэхэд л хил нээх хугацаа дахин 21 хоногоор хойшлох нөхцөл байдалтай байна. БНХАУ-ын Эрээн хот ч хүнсний хомсдолд орсон нөхцөлд байна. БНХАУ-д үйлдвэрлэдэг олон бүтээгдэхүүн дэлхийд хомсдож байгаа. Энэ бол зөвхөн Монгол Улсын асуудал биш. Тэгэхээр вакцинжуулалт дэлхий нийтийн асуудал. Дэлхий нийтэд вакцинжуулалт идэвхтэй байж, хурдан дасан зохицоосой гэж хүсэн, харилцаа холбоогоо сайн түвшинд байлгахаас өөр сонголт байхгүй. Дэлхий нийтэд инфляци өсөх чиг хандлагатай байна. Энэ нь тээвэр, логистик 8-9 дахин удааширсантай холбоотой. Тээвэр удааширснаар хомсдол үүсэж байна. Инфляцын хувьд төв банктай хамтран ажил баг гарган ажиллаж байна. Махтай холбоотой инфляцийг буулгахын тулзахууд дээр байгаа мах борлуулах цэгийг 38-40 цэгээр нэмэх бодлого барина. Хоёрдугаарт, эрчим хүчний үнэтэй холбоотой асуудал байгаа бөгөөд үүнийг УИХ хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг ярьж байгаа. Шатахууны үнэ дэлхий нийтэд өсөж байгаа. Үүнтэй холбоотой зохицуулалт хийж байгаа ч үнийн хатуу зохицуулалт хийх тусам хомсдол үүсгэх эрсдэлтэй. Монгол Улсын хувьд ОХУ-ийн Ангарскийн нэг үйлдвэрээс хамааралтай. Тэндээс бүх компани шатахуунаа татдаг. Өнөөдрийг хүртэл шатахууны салбарт өрсөлдөөн үүсгэж чадахгүй байгаа нь Монгол Улс “евро-2” стандарт барьдагтай холбоотой. Харин бусад улсад “евро-5” стандарттай. Гэхдээ аж ахуйн нэгжүүдтэй, ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Энэ бүх асуудал цар тахал намдсаны дараа л алга болно. Энэ бол гашуун үнэн.
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсад инфляц дунджаар 9.5 хувь байна. Инфляц гадаад орчноос үүдэн өсөж байгаа. ОХУ, БНХАУ-ын инфляц нэмэгдсэн. АНУ-ынх 2 дахин, Японых 2.5 дахин өслөө. Монгол Улсын 2020, 2021 онд унасан эдийн засгаа дөнгөж сэргэж эхэлж байхад нь мөнгөний хатуу бодлого барьснаар дахин унагаах эрсдэлтэй. Тиймээс эдийн засгаа өсгөхийг чухалчилж байгаа. Засгийн газар, Төв банкнаас инфляцийг бууруулах бүхий л боломжит бодлого хэрэгжүүлнэ. Ялангуяа, 2022 онд гадаад худалдаагаа сайжруулж, түүхий эдийн экспортоо хэвийн байдалд оруулахын тулд бүхий л бололцоогоо дайчилж байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нийт 12 бүлгийн 373 бараа хэрэглэдгээс 47 хувь нь импортынх. Үүний 34 хувь нь Эрээнээс хамааралтай. Тиймээс Зам-Үүд боомтын нэвтрэх чадвартай холбоотой асуудал том сорилт болж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар, ГХЯ, гаалийн байгууллагын түвшинд бүхий л шаардлагатай ажлаа хийж хэрэгжүүлж байна. Шатахууны хувьд Европын холбооны орнуудад ч шатахуун, хийн хомсдолд орох нөхцөл байдалд байгаа. Энэ нь гадаад орчинд амаргүй нөхцөл байдал үүсгэж байгаа ч Засгийн газар Роснефть болон хувийн хэвшлийн компаниудтай байнгын холбоотой байна. Цар тахлаас улбаатайгаар бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бидний гол нэрийн бүтээгдэхүүн буюу нүүрсний экспорт Гашуунсухайтаас хамааралтай. Манай хүнс, барааны хэрэглээний гол боомт Замын-Үүд, Эрээнээс хамааралтай. Энэ өнөөгийн Монгол Улсын бодит нөхцөл байдал. Энэ нь цар тахлын үед илүү тодоор харагдаж байгаа юм. Тийм учраас бид энэ хараат байдлаас яаж гарах вэ гэдэг бидний стратеги байх ёстой. Үүний тулд УЦС барих хэрэгтэй. Нефтийн үйлдвэрээ барьж дуусгах ёстой. Энэ том агуулгаар явж байж Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, эрчим хүч болон тээвэг логистикийн хувьд хамаарал багатай болохын төлөө алхана. Тийм учраас дээрх бүх зүйл рүү улсын төсөв ч чиглэж байгаа. Үндсэндээ тээвэр логистикийн өрсөлдөх чадвараа нэмэх, үнийн чөлөөлөлтийг ярихаас өөр гарцгүй болсон. Эрчим хүчний үнийн чөлөөлөлтийг хийж чадалгүй 30 жил явлаа. Үүний улмаас эрчим хүчний бүх үйлдвэр алдагдалтай. Улаанбаатар төмөр зам алдагдалтай. Учир нь бид тарифыг нь чөлөөлөөгүй. Дараагийн цаг хугацаанд бид ийм байж болохгүй.
-Урлаг, соёл, спортын үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ. Хариуцлагын гэрээг хэрхэн байгуулах вэ. Халдвар тархлаа гэхэд тоглолт хийсэн хамтлаг, уран бүтээлч нь хариуцлага хүлээх юм уу?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гадаа зохион байгуулдаг үйл ажиллагааг есдүгээр сард нээсэн. Цахим үндэстэн, Номын баяр, ногооны худалдаа гэх мэт. Харин одоо урлаг, спортоо нээж байна. Монгол Улс өнөөдөр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд байгаа. Есдүгээр сарын нэгэнд хичээл нээх үед талаар олон асуудал ярьсан. Олон хүн нэг жилээр хойшлуулах, нэг семистрээр хойшлуулах санал хэлж байсан. Харин боловсролын салбарынхантай уулзахад “Хоёр жил хичээл танхимаар орсонгүй. Энэ бол боловсролын салбарын хувьд ирээдүйд асар их эрсдэл дагуулна” гэсэн учраас 5:9 стратегиар хичээллэж байгаа. Тэр үед есдүгээр сарын нэгнээс халдварын тохиолдол нэмэгдэнэ гэдгийг хэлж байсан. Одоо ч урлаг, спортын салбарыг нээхэд ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс бид өнөөдөр соёл урлагийн салбарынхан, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар, аялал жуулчлалынхантай уулзлаа.
-Улсын хэмжээнд эм тариа хомсдож байна. Улсын хэмжээнд хэдэн төрлийн эм тариа тасалдаж байна вэ. Хил дээр гацсан эм тариаг хэзээ авах боломжтой вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид эм, тариаг агаарын тээврээр татан авахаар ажиллаж байна.
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн яамны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж бий. Энэ байгууллага эмийн чанард хяналт тавьж, нөөцтэй холбоотой асуудлыг хариуцдаг. Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудад 1-2 сарын эмийн нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Тиймээс хомсдол үүсээгүй. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, эм тарианы хомдсол үүсэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Тяньжиньд саатсан байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах, тээврийн асуудлыг шийдвэрлэх, БНСУ-аас агаарын тээврээр авах ажлыг зохион байгууллаа. Энэ сарын 1-3-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр эм, эмнэлгийн хэрэгсэл авна.