АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-08 12:28:04

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд анхны хуралдаанаа хийв. 

Хуралдаанаар АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Х.Энхжаргал НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр  дүүргэжээ. Тэрбээр Эрдэнэт хотын, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ЗЦГ-ын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан байна. Эдүгээ ЦЕГ-ын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж буй. Түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах туршлага, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэжил зэрэг нь  АТГ-ын даргаар томилох үндэслэл болсон байна.

Энэ үеэр байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс зарим асуудлыг тодруулсан. УИХ-ын гишүүн Л.Болд тус албан тушаалд томилогдвол авлигатай тэмцэхэд  ямар бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг нь лавласан. Энэхүү асуултад тэрбээр, "Энэ албан тушаалд томилогдвол авлигаас урьдчилсан сэргийлэхийн тул төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллана" гэв. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонхи дэмжлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ