“Лотте” группыг үндэслэгчийн охиныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-08 12:12:46

СӨҮЛ. /Prensa Latina/. Хууль бус аргаар мөнгө олж байгааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Өмнөд Солонгосын Ерөнхий прокурорын газар “Лотте” группыг үүсгэн байгуулагчийн охин  болох Шин Юн-жаг өнөөдөр баривчилжээ.

Сөүл хотын шүүхийн үзэж байгаагаар, “Лотте Сан”-гийн захирал Шин Юн-жа нь Өмнөд Солонгосын гоо сайхны нэгэн компанийн өмнөх ерөнхийлөгчөөс гурван тэрбум воны /2.6 тэрбум ам.доллар/ хахууль авсныг нотлох баримт байгаа аж. Шин компанийхаа хөрөнгийг өөрийн хүүгийн компани руу шилжүүлэн хууль бус арга замаар 4 тэрбум вон завшсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Шин-ыг баривчилсан нь “Лотте” группыг үүсгэн байгуулагчийн гэр бүл болон тус группын зарим гүйцэтгэх захирлуудыг мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг ажээ. Эдгээр хүмүүс туслан гүйцэтгэгчидтэйгээ байгуулсан гэрээндээ үнийн дүнг хуурамчаар өсгөн тусгасан, мөн группын хүрээнд хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд луйврын аргаар сан байгуулсан зэрэг хэрэгт буруутгагдаад байна.

“Лотте” нь Өмнөд Солонгосын нутагт маш олон тооны үл хөдлөх хөрөнгөтэйгээс гадна хөрш Япон улсад томоохон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Тус группыг үүсгэн байгуулагч өдгөө 93 настай Шин Кьюк-хо-гийн хоёр хүүгийн хооронд өв залгамжлах тал дээр үүссэн зөрчлийн улмаас тус групп өнгөрсөн жил нэлээд хүчтэй шүүмжлэлийн бай болж байсан юм.

Х.Сарнай



 

 

Холбоотой мэдээ