Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн 6 цахим системд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-10-28 14:59:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/-өөс 2021-2024 оны хооронд “Нэг бодлого Нэгдсэн зохицуулалт”  гэсэн стратегийг хэрэгжүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа билээ.


Энэ стратегийг хэрэгжүүлэх хугацаанд 2021 онд Төрийн уламжлалт үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг бодлогын хүрээнд зохион байгуулж 6 програмыг хөгжүүлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Үүнд: Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн систем, ЕRP систем, төгсөлтийн дараах богино хугацааны цахим сургалтын платформ, Н-info програмын веб хувилбар, Tableau програм хангамж, Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн платформ системийг нэвтрүүлж байгаа юм байна.


Өнөөдөр ЭМХТ-ийн хамт олон хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн 6 цахим системд шилжүүлж байгаа ажил үйлчилгээний талаар танилцууллаа


ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа: “Эрүүл мэндийн салбарт 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага 57 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Өмнө нь энэ байгууллагууд, хувь хүн бүгд өөр өөр системийг ашигладаг байсан. Эдгээр байгууллага, хувь хүн бүгд энэ платформд хамрагдаж мэдээллээ солилцох, тусламж үйлчилгээний чанарын асуудлаа солилцох боломж бүрдэх болсноор цаг хугацааг хэмнэж байна. Өмнө нь хөдөө орон нутгаас нийслэл рүү бичгээр албан бичиг тайлан зэргийг хүргүүлж цаг хугацаа алдахаас эхлээд олон бэрхшээлтэй тулгарч байсан. Харин нэгдсэн нэг системтэй болж эрүүл мэндийн ажилчид интернэт байгаа үед хаанаас ч мэдээллээ явуулж бас хүлээж авах боломж нөхцөл бүрдлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулснаар, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулахад бодитой үр нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд тооцож байгаа” хэмээн онцолсон юм.


Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагааны үр дүнд, эрүүл мэндийн өгөгдөл, мэдээлэл, технологийн 24 стандартыг бий болгожээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг цахим суурьтай хийж, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх үйл явцыг бодит цаг хугацаанд шилжүүлсэн.


Эмийн үнийн хөнгөлөлт, Ковид-19 олон улсын эрүүл мэндийн гэрчилгээ, вакцины гэрчилгээ, дотоодын QR батламж, эмчийн магадалгааг Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia, Түц машинаар дамжуулан иргэдэд олгож байна.


ЭМЯ, ХНХЯ, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын хамтын ажиллагааны хүрээнд  эмчийн үзлэгийн цаг захиалга,  эмнэлзүйн лабораторийн шинжилгээний хариу, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, цусны бүлгийн тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Төрийн мэдээлэл солилцооны Хур системд холбосон бөгөөд тун удахгүй E-Mongolia аппликэйшн-ээр дамжуулан үйлчилгээнд гарах бэлтгэл ажлыг хангаад байна.

Холбоотой мэдээ