Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр бизнесийн таатай орчинг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-28 09:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ААН-үүдийн хоорондох гэрээ, зээлийн маргааныг харилцан тохиролцож хурдан шуурхай шийддэг Арбитрын үйл ажиллагааг банк, санхүүгийн салбарт нэвтрүүлэх нь чухал байна. Энэ талаар СЗХ-ны дарга Д.Баярсайхан МҮХАҮТ-тай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үзсэг зурах үеэр онцоллоо. Тэрээр, “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үүн дотор банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй дүйцэхүйц шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй” байгааг тодотгов. Тухайлбал, бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд Бондын зах зээлийн зохицуулалтын журамд Засгийн газар, МҮХАҮТ хамтран эрэмбэлсэн Монгол Улсын ТОП 100 ААН-ийн бондыг ажлын 10 хоногт багтаан бүртгэхээр тусгаад буйг тодотголоо.


Мөн биржийн бус зах зээлийн зохицуулалтын журамд старт ап, гарааны бизнесүүдэд санхүүжилт олгох хөнгөвчилсөн журмын зохицуулалтыг хийснийг дурдлаа. Хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг либералчлах, бизнесийн орчныг сайжруулахад хамтран ажиллаж, санхүүгийн салбарт хамтран хөгжүүлэгч байхын тулд МҮХАҮТ-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхээ онцоллоо.



МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, “Эдийн засгийг 2 дахин тэлж, шинэ сэргэлтийг эхлүүлэх зорилтын чухал хэсэг бол санхүүгийн зах зээл. Ковидоос шалтгаалж сүүлийн 2 жил санхүүгийн зах зээлд маш том өөрчлөлтүүд гарч байгаагийн нэг илрэл нь хөрөнгийн зах зээл илүү их хөгжиж байгаа явдал юм” гэдгийг онцлоод хөрөнгийн зах зээлийг илүү нээлттэй болгох, ач холбогдлыг нь олон нийт болон ААН-үүдэд таниулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ