Л.Энх-Амгалан сайдтай МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч  Ч.Наранбаатар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2021-10-27 11:23:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнөөдөр БШУЯ-нд зочилж, сайд Л.Энх-Амгалантай ажил хэргийн уулзалт зохион байгуулан спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах талаар санал солилцов.


Ч.Наранбаатар уулзалтын эхэнд “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлье. МҮОХ-ны хувьд аймаг, дүүрэг бүрд Олимпын зөвлөлтэй болсон. Үүгээрээ дамжуулан ерөнхий боловсролын сургууль бүрт олимпын танхим байгуулаад байна.


Бид, Ерөнхий сайдын ахалж буй Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороотой нягт хамтран ажиллах зорилготой байна. Үүний хүрээнд сургуулиудын олимпын танхимыг шинэчлэн сайжруулах тал дээр яамнаас бодлогоор дэмжиж ажиллахыг хүсэж байна. Энэ бол хүүхэд залууст спорт, олимпизмыг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой.


МҮОХ-ноос олимпын боловсролд зориулсан ном, гарын авлага хэвлүүлэхээр бэлтгэж байгаа. Цаашид 2 байгууллага үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцах гэсэн юм” гэлээ.


Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: “Таны хэлсэнчлэн олимпизмыг сурталчлах, үүгээр дамжуулан хүүхдийн бие бялдрын боловсролыг шинэ шатанд гаргах шаардлага байна. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн хамгийн гол хэсэг нь урлаг, спорт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. XXI зууны боловсрол зөвхөн мэдлэгээс гадна чадвар, төлөвшил дээр суурилсан цогц чанаруудыг бий болгоход анхаарах болсон. Тиймээс дэлхийн бусад орон урлаг, биеийн тамирын чиглэлийн хөтөлбөрүүдэд бодлогын шинэчлэл хийж байгаа. Энэ асуудалд МҮОХ-той хамтарч, хөтөлбөрийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна” гэв.


Уулзалтын үр дүнд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, дунд сургуулиудын олимпын танхимыг сайжруулах, биеийн тамирын багш бэлдэж буй тогтолцоог өөрчлөн шинэчлэх тал дээр БШУЯ, МҮОХ хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ