Хүүхдүүд нэрийн дансны хуримтлалаар боловсролдоо хөрөнгө оруулах боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-26 18:34:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


Эхлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсын 2022 оны төсвийн төслөөс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний төсвийг танилцууллаа. Тэрбээр, "2022 онд эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн шинэчлэлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах ба энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, анхан шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэх, стратегийн худалдан авалтыг оновчтой болгох, үйлчилгээний чанарт тавих иргэдийн хяналт, оролцоог сайжруулах зорилт тавьж байна. 

Эрүүл мэндийн даатгалаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлж байгаа ч 2020 оны статистикаар насанд хүрсэн хүн амын 7.9 хувь нь хамрагдсан.

Өвчнийг эрт үед нь оношилж, илрүүлэх нь өвчилсөн хойноо бус даамжрахаас өмнө эмчилж, иргэн болон төрөөс их хэмжээний зардал гаргахаас сэргийлэх ач холбогдолтой. Тиймээс 2022 оноос иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг хамруулах ажлыг эрчимжүүлнэ" гэлээ.


Харин нийгмийн хамгааллын салбарт хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар тэтгэх бус ажил эрхлэлтийг нь нэмэх шинэчлэл хийнэ. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан  үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавьдаг болно. Түүнчлэн байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төлөвлөлөө. Ингэснээр Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банканд нэрийн дансны хуримтлалтай болж хадгалах, хуримтлуулах дадал зуршилд суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаар өөрийн боловсролдоо хөрөнгө оруулах боломжтой болно гэж дурдлаа.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг танилцуулав.


Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон дээрх яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.


Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ч.Ундрам, С.Ганбаатар, С.Одонтуяа, С.Чинзориг, Ц.Туваан, П.Анужин, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Б.Бейсен, Д.Батлут, Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд холбогдох хууль тогтоомжид аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын байрныхаа тодорхой хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, хэрвээ ажиллуулаагүй тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сар бүр төлбөр төлөх тухай олон жил ярилаа. Судалгааны дүнгээр үүнийг төсвийн байгууллагууд огт биелүүлдэггүй, тэглээ гээд торгодог ч үгүй нь харагдаж байна гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх том зорилтын хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө төсөвт суулгасан талаар тодруулав.


Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг дээрх асуултад хариулахдаа батлагдсан хуулийг хэрэгжүүлэх ёстой, төсвийн байгууллагуудыг аль болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахыг шахаж, анхаарч ажиллана гэв. Хэрэв ажиллуулахгүй бол ажлын байрны хувиар тооцож төлбөр авах бөгөөд 2022 онд 104 тэрбум төгрөгийн орлого төсөвлөсөн гэлээ. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2021 онд дээрх шалтгаанаар 1.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Энэ мөнгийг бүхэлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулж зарцуулна гэж хариуллаа.


УИХ-ын гишүүн Ч.Ундрам урдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хэдэн төгрөг төсөвлөсөн талаар болон өндөр цалин авсныхаа хэрээр Эрүүл мэндийн даатгалын санд өндөр шимтгэл төлдөг даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ дүйцэх тусламж, үйлчилгээ авч чадахгүй хохирч байгаа учир үүүний зааг ялгааг гаргаж, боловсронгуй болгох, өөрчилж, шинэчлэх ажил хийх эсэхийг тодрууллаа.


ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Ц.Эрдэмбилэг, "2022 онд нийт хүн амын 50 хувь, зорилтот бүлгийн 70-аас дээш хувь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал 60.8 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг үндсэн дээр энэ  хэмжээний мөнгийг төсөвт тавих санал оруулсан" гэлээ.


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, "Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл эв санааны зарчим дээр үндэслэж явдаг. Өвдөөгүй нь өвдсөнийхөө, залуу нь ахмад настныхаа даатгалыг нөхдөг зарчмаар хэрэгждэг гэсэн агуулгатай юм" хэмээв.


Энэ үеэр байнгын хорооны дарга М.Оюунчимэг өндөр шимтгэл төлснийхөө хэмжээгээр тусламж, үйлчилгээ авдаг болох шинэчлэл рүү чиглэсэн ажил хийх нь зүйтэй талаар саналаа эрүүл мэндийн салбарын удирдлагуудад илэрхийлэв.


Ийнхүү 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ