Цахим Архангай хөтөлбөрийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-25 21:53:46

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Мишкагийн Батжаргал өөрийн бүрэн  эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө “Цахим Архангай” хэмээн томъёолон өнөөдөр /10.25/ аймгийн Хурлын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдлагуудад танилцуулжээ.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Ай Си Ти /ICT/ групптэй хамтран “Цахим Архангай” платформыг хөгжүүлэх юм.

Хөтөлбөрийг боловсруулах “дэд бүтэц”-ийн ажлыг хийж байгаа бөгөөд ирэх 12-р сард аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж, эцэслэн батлах ажээ. 

“Цахим Архангай” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 21 аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулсан анхдагч аймаг болох юм. 

Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга хот төлөвлөлт гээд бүх салбараа цахимжуулж, илүү шилэн, нээлттэй, ил тод, хурдан шуурхай, харилцан уялдаатай үйлчилгээг иргэддээ хүргэхээр зорьж буй.

“Цахим Архангай” хөтөлбөрийг танилцуулах үеэр аймгийн Засаг дарга М.Батжаргал,  Ай Си Ти группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэжээ.

Холбоотой мэдээ