Бээжингийн өвлийн Олимпын наадам өвлийн спортыг шинэ түвшинд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-10-21 14:31:59

БЭЭЖИН. /CGTN/. "Бээжин-2022" өвлийн Олимпын XXIV наадам нь өвлийн спортыг шинэ түвшинд гаргаж, цана, тэшүүр, мөсөн хоккей зэрэг өвлийн спортын төрлүүдээр хичээллэдэг хүмүүсийн тоог 300 саяд хүргэх Хятад улсын зорилт биелэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэж Олон улсын олимпын хорооны (ОУОХ) тэргүүн Томас Бах хэлжээ.


“Бээжин-2022 өвлийн Олипмын наадмын өмнө ч хойно ч өвлийн спорт байсаар л байх болно. Харин энэ олимпын ачаар илүү олон хүн өвлийн спортод дурлаж, өвлийн спортоор хичээллэдэг болно” гэж Томас Бах лхагва гарагт буюу өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Хятад улсын нийслэл Бээжин хот нь өвлийн Олимпын XXIV наадмыг зохион байгуулснаар зуны болон өвлийн Олимпын наадмын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм.


Томас Бахын хэлсэнчлэн, Хятад улс Олимпын наадмын бэлтгэл болон оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, "Ковид-19" цар тахалтай хийж буй тэмцлээрээ дэлхий дахинд үлгэр жишээ болж байна.


АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, Их Британи, АНУ-д 100 мянган хүнд ногдох коронавирусний халдварын тохиолдлын тоо 639 болон 255 байгаа бол Хятад улсад 0.01 байна.


"Бээжин-2022" өвлийн Олимпын наадам нь спортоор хичээллэх хүмүүсийн тоог нэмэгдүүлж, цар тахлыг дарж болдог гэдгийг нотолж, өвлийн спортын төрлийг нэмэхийн зэрэгцээ тогтвортой байдлын ач холбогдлыг харуулсан зэргээрээ дэлхий дахинд маш эерэг мессежийг түгээх болно гэж ОУОХ-ны тэргүүн хэлжээ.


Бээжин-2022 өвлийн олимпын наадмын тухай бидний мэдэх ёстой зүйлс

Ирэх оны хоёрдугаар сарын 4-20-нд Бээжин хотноо болох XXIV өвлийн Олимпын наадмын галт бамбарыг Олимпын өлгий нутаг гэгддэг Грекийн Афин хотоос өчигдөр Бээжинд авчирсан билээ.


"Ковид-19" цар тахал нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олимпын арга хэмжээнүүдэд ихээхэн цохилт болсон. Тухайлбал, энэ тахлын улмаас "Токио-2020" зуны олимпын наадам нэг жилээр хойшилж, улмаар "Токио-2020" зуны Олимп болон Паралимпын наадам хоёулаа үзэгчгүйгээр болсон юм. Харин коронавирусний эсрэг Хятад улсын оновчтой бөгөөд уйгагүй тэмцлийн ачаар 2022 оны өвлийн Олимпын наадмыг үзэгчидтэй зохион байгуулах гэж байна.


Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 2892 тамирчин биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.


Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын 45.2 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ нь өвлийн Олимпын наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон олимп болох юм.


Бээжингийн өвлийн Олимпын албан ёсны бэлгэ тэмдэг нь “Bing Dwen Dwen” хэмээх том нүдэт хулсны баавгай юм.


“Bing” гэдэг нь “мөс” гэсэн утгатай бөгөөд цэвэр ариун байдал болоод хүч чадлыг бэлгэддэг бол “Dwen Dwen” гэдэг нь хүүхэд багачуудыг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн өвлийн Олимпын бэлгэ тэмдэг нь тамирчдын хүч чадал, хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд энэ нь олимпизмын үзэл санааг сурталчилж, түгээн дэлгэрүүлэхэд тус болно гэж зохион байгуулагч орон болон ОУОХ үзэж байна.


Холбоотой мэдээ