Засгийн газрын бүтцэд хоёр яам байгуулах хуулийн төслийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 22:00:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.20/ хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


Хуулийн төслүүдийг Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.  


Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэлээ.


Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Х.Булгантуяа, Ж.Мөнхбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


УИХ-ын гишүүд төрийн өмчийн удирдлага зохицуулалтын асуудал, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайдын алиных нь эрхлэх асуудлын чиг үүрэгт байхыг тодруулах, яам хоорондын уялдааг сайн хангах, яамдын дор олон агентлаг байгуулж, төрийн бүтцийг улам томруулдаг асуудлыг бодолцон үзэх зэрэг асуудлыг хөндөж байлаа.


Эцэст нь хуулиудын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Холбоотой мэдээ