Он гарсаар Говь-Алтай аймагт 978 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-18 18:05:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 978 эх амаржиж, 983 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 102 тохиолдлоор буурсан байна. 

Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 91,3 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржсан байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 564 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 36 тохиолдлоор буурсан ба Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 63.2 хувийг эзэлж байгаа аж.

Энэ оны эхний есөн сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 751 эмэгтэй хамрагдсан ба 93.1 хувь нь эхний 3 сартайд, 6.4 хувь нь 4-6 сартайд, 0.5 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай аймгийн ЭМГ-аас онцлон мэдээлэв.

Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд 983 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 107 хүүхдээр буюу 9.8 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 518 буюу 52.7 хувь нь хүү, 465 буюу 47.3 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 5.2 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн байна хэмээн ЭМГ-аас нэмж дуулгав.


Холбоотой мэдээ