У.Болор-Эрдэнэ: Газартай холбоотой 17 төрлийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-18 11:24:49

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас "Газрын харилцаа-цахим шилжилт" аяны хүрээнд цахим үйлчилгээний танхимыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д байгуулан иргэдэд хэрэгцээт зөвлөгөө мэдээлэл өгч байна. Энэ талаар тус байгууллгын Кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Газрын харилцааны цахим үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Улсын хэмжээнд газрын харилцааны цахим үйлчилгээ нэвтэрч байгаатай холбогдуулан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас www.egazar.gov.mn цахим системийг иргэдэд танилцуулан, ашиглаж эхэллээ. Нэн түрүүнд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдэд зориулсан цахим үйлчилгээний танхим байгуулаад байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, өмчилж буй газрын кадастрын зураг, гэрээ, гэрчилгээг egazar.gov.mn цахим системээс шууд хэвлэх, мөн уг системийг ашиглах, газартай холбоотой бусад үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх заавар, зөвлөмжийг иргэдэд танилцуулж байна.

-Иргэд цахим системд хандсанаар хэдэн төрлийн үйлчилгээ авах боломжтой вэ?

-Газрын цахим үйлчилгээ нэвтэрснээр иргэн өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын мэдээллээ хялбар, шуурхай байдлаар egazar.gov.mn цахим хуудаснаас болон гар утасны “egazar” аппликейшн ашиглан авах боломж бүрдэж байна. Өөрийн газрын кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ хэвлэх, газрын эрхээ бусдад шилжүүлэх, газрынхаа зориулалт өөрчлөх, газрынхаа талбайн хэмжээ өөрчлөх, гэрчилгээгээ нөхөн авах, гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх, гэрчилгээний хугацаа сунгах зэрэг 17 төрлийн хүсэлтээ цахимаар илгээх боломжтой. Эхний ээлжинд тус сайтаар хэрхэн үйлчлүүлэх, гар утсандаа аппликэйшнийг татаж лавлагаа, мэдээллийг авах талаарх зөвлөгөөг иргэдэд хүргэснээр цаашид үйлчилгээ илүү хялбаршина гэж үзэж байгаа.

-Цахим аппликейшний талаар?

-Энэхүү аппликейшн нь Миний газар, өргөдөл хүсэлт, төлөвлөлтийн санал, төлбөр татвар, үнэлгээний мэдээлэл, цахим хувийн хэрэг, зөрчил мэдээлэл, нэгдмэл сангийн мэдээлэл гэсэн 8 төрлийн цэстэй. Тухайлбал Миний газар цэсэд хандсанаар өөрийн нэр дээрх газрын мэдээлэл, байршил, нэгж талбарын дугаар, өргөдөл, холбогдох мэргэжилтний нэр зэрэг тодорхой мэдээллүүд харагдана. Өргөдөл хүсэлт цэс нь өргөдөл хүсэлт илгээх, өргөдлийн шийдвэрлэлт зэргээр газар зохион байгуулалтын албанд өгсөн газрын өргөдлөө шалгаж болно. Мөн төлөвлөгөөний санал хэсэгт хандаж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэд саналаа цахимаар өгөх боломжтой. Цахим үйлчилгээний хувьд иргэн, аж ахуйн нэгжүүдийн газартай холбоотой мэдээлэл, шаардлагатай үйлчилгээнүүд нэг дор багтсан байгаа. “egazar” аппликейшн нь иргэн газартай холбоотой 12 төрлийн хүсэлтийг цахимаар илгээх, гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа хэвлэн авах, газрын тухай дэлгэрэнгүй мэдээллээ харах зэрэг давуу талтай юм.

-Цахим системийг хэрхэн ашиглах вэ?

-Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем рүү нэвтрэхийн тулд нэг удаагийн код, интернэт банкны эрх, тоон гарын үсгийн төхөөрөмж зэргийг ашиглаж болно. Хэрвээ анх удаа системд нэвтрэх бол бүртгэл сэргээх товчлуур дээр дарж, мэдээллээ шинэчлэх шаардлагатай. Мөн гар утаснаас Playstore, Appstore-оос “egazar” гэж хайн утсандаа суулгах боломжтой. 

-Иргэдийн дунд цахим үйчилгээний талаар мэдээлэл хэр байна вэ?

-Цахим үйлчилгээний танхим байгуулсантай холбоотой иргэд олноор үйлчлүүлж байна. Одоохондоо газрын цахим системийн ашиглалт, үйлчилгээний талаар мэдээлэл хомс байгаа ч цаашдаа иргэдийн хэрэглээ талаасаа хурдацтай тархаж, хялбар хэрэглээ болох байх. Үүний тулд манай байгууллагаас зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна цахим самбар ашиглан үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ. Өмнө нь иргэд тухайн байгууллагад өөрийн биеэр хандаж газартай холбоотой үйлчилгээг авдаг байсан. Ингэхдээ цаг хугацаа алдах, олон хүнд хандах, хүлээгдэл үүсдэг зэрэг хүндрэл үүсдэг байсан бол одоо тухайн иргэн хаанаас ч газрын үйлчилгээг цахим хэлбэрээр авах нөхцөл бүрдлээ. Хамгийн гол нь цаг хугацаа, санхүү хэмнэхээс эхлээд иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхэд дөхөм болж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ