Цагаан таягтны өдрийг “Харахгүй байх нь сул тал биш” уриан дор тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-15 18:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн цагаан таягтны өдрийг өнөөдөр тэмдэглэлээ. Жилийн бүрийн 10 дугаар сарын 15-нд болдог энэ өдрийг манай улс 1985 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ өдөр харааны бэрхшээлтэй хүмүүст анхаарал тавьж, тэдний амьдрах, ажиллах, мэдээлэл авах, сурч мэдэх нөхцөл байдал, эрхзүй, чөлөөт бие даасан байдлыг хангахын төлөө нийгэмд дохио өгдөг.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ, “Бид бичвэрт текстийг дуу хоолойнд хөрвүүлэн буулгах буюу текст программ хангамжийг харааны бэрхшээлтэй иргэд хүртээмжтэй хүртэн хэрэглэх стандарт ажлыг ХНХЯ-наас хийж хэрэгжүүлэх гэж буй”-г тэрээр дуулгалаа. Ингэснээр цагаан таягтнууд төр, засгаас болон ААН, байгууллагуудаас үзүүлж буй бүх үйлчилгээг ээлтэй байдлаар хүртэх боломжтой болно гэдгийг тэрээр онцоллоо.




Манай улсад нийт 108.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 11.8 мянга гаруй нь харааны бэрхшээлтэй буюу цагаан таягтнууд юм. Тэд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10.9 хувийг эзэлж байна. Харааны бэрхшээлтэй нийт иргэдийн 3.4 мянга нь Улаанбаатар хотод, 8.4 мянга нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Ерөнхий боловсролын сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд нийт 5.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаагаас 1.1 мянга нь харааны бэрхшээлтэй хүүхдүүд байгаа аж.

Энэ жил цагаан таягтны өдрийг “Харахгүй байх нь сул тал биш” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна. 




Холбоотой мэдээ