З.Мэндсайхан: Отрын бус нутаг 854 мянган толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-15 14:17:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодод тариалсан улаанбуудай болон төмсөөр энэ онд улсын нийт хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байгаа аж. Мөн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах боломжтойг ХХААХҮ-ийн сайд мэдээлэв.


Тэрээр намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах улаанбуудай, төмс хураан авна


Дотоодод тариалсан улаанбуудай болон төмсөөр энэ онд улсын нийт хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байгаа аж. Мөн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах боломжтойг ХХААХҮ-ийн сайд мэдээлэв. Энэ онд улсын хэмжээнд 655 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Тодруулбал, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган  га-д тосны ургамал тариалсан байна. Мөн 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалжээ. Ургацын урьдчилсан дүнгээр 559.2  мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний  ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээл хураан авах төлөвтэй байгаа аж. Байгалийн давагдашгүй хүчин зуйл буюу үргэлжлэн орсон их бороо, үер, мөндөр, хүйтрэлт зэргээс шалтгаалан 12.2  мянган га талбайн ургац дутуу болжээ. Засгийн газрын 235 дугаар тогтоолын хүрээнд Монголын залуучуудын холбоо, 3алуучуудын хөдөлмөрийн төв  биржтэй хамтран "Алтан намар" дэд төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган  оюутан, 7.4 мянган гэрээт ажилтан түр гэрээгээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үр тариа хураах ажил 52.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 77.3 хyвьтай үргэлжилж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хувиар их үзүүлэлт аж


Тариаланчдад 35.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ


Коронавирусний халдварын хүнд үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс Засгийн газар 142 дугаар тогтоол баталж, импортоор авч буй улаанбуудайн үрийн үнийг 30 хувь, тэжээлийн таримал болон төмсний үр,  нийлэг хальсан хучлагын үнийг 50 хувь, хүнсний ногоо, хүлэмжийн  таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлсөн байна.

Түүнчлэн "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн  засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд  тариалан эрхэлдэг 548 иргэн, аж ахуйн нэгжид 35.6 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих төсөл”-ийн хүрээнд 58 аж ахуйн нэгж, 22 иргэнд усалгаа, бороожуулалтын 165 тоног төхөөрөмжмйн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна. Улмаар БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар 14 аж ахуйн нэгжид 1300 гаруй тонн ургамал хамгааллын бодис импортлох зөвшөөрөл олгов.


Нийслэлд 1600 тонн нөөцийн мах бэлтгээд байна


Улсын хэмжээнд энэ онд 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн  засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд өвөл, хаврын улирлын махны нөөц  бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөг баталжээ. Энэ сарын 5-ны байдлаар 17 аж ахуйн нэгж нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан 3100 тонн мах бэлтгээд  байна. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх мaхны 60 хувиас доошгүйг  бэлтгэж нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Харин аймгийн төв, суурин газруудын хүнсний хэрэгцээнд 5.5 мянган тонн мах бэлтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгоод байгаа аж.


Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар аймагт бэлчээрийн даац хэтэрчээ


Нийт нутгийн 42.1 хувьд бэлчээрийн нөөцтэй, 24.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 25  хувийн даац 1-3 дахин хэтэрсэн, 3.6 хувийн даац 3-5 дахин  хэтэрсэн, 4.7 хувийн даац маш их хэтэрсэн байгаа гэсэн дүн  гарсан. Тодруулбал, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай,  Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт бэлчээрийн даац хэтэрсэн байна. Мөн Баян-Өлгий аймгийн Булган, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Уггаал, Баянжаргалан, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумд бэлчээрийн даац хэт хэтэрсэн байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр энэ жил нийт нутаг дэвсгэрийн 80  гаруй хувьд зуншлага сайн байсан.  Нийт бэлчээрийн 66.7 хувь нь малдаа хүрэлцэх хэмжээний бэлчээрийн нөөцтэй байгаа бол 33 хувьд хангалтгүй байгаа аж.


Отрын бүт нутагт 1850 өрх өвөлжүүлнэ


Улсын хэмжээнд энэ онд 44 900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14 860 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн байна. Энэ сарын 6-ны байдлаар хадлан бэлтгэлд 4712 дугуйт трактор, 1967 хадуур, 2910 тармуур, 654 хаман  боогч, 694 морин хадуур, 863 морин тармуур 863, 1639 чиргүүл, 79 нуруулдагч  ашиглаж байгаа юм. Малчид өнгөрсөн сарын 30-ны байдлаар 791.9 мянган тонн өвс, 22.1 мянган тонн ногоон тэжээл, 1.8  мянган тонн үйлдвэрийн тэжээл, 23.9 мянган тонн гар тэжээл, 1.3 мянган тонн  дарш, 31.5 мянган тонн хужир бэлтгэжээ.


Аймаг дундын Аргалант, Ачит нуур, Багахайрхан,  Баян нyyр, Малах, Чилэн, Чойбалсан, Хөх дэл, Хэрлэнбаян-Улаан отрын бус нутаг 854 мянган толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн нөөцтэй байна. Эдгээр газарт 19  аймгийн 70 сумын 1850 малчин өрхийн малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл хангаж байгаа аж.


Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

Холбоотой мэдээ