Коронавируст халдвартай иргэдийн 30-аас дээш хувийг хэвтүүлэн эмчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-15 11:53:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад тогтворжих хандлагатай байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр, “Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭМЯ, НЭМГ хамтран эмнэлгийн ор зохицуулах баг ажиллуулаад 10 гаруй хонож байна. Энэхүү баг нэгдсэн зохион байгуулалтад орсноор эхний ээлжинд  эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай иргэдийг хэвтүүлэх боломжоор бүрэн хангасан. Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн 30-аас дээш хувийг хэвтүүлж байна. Энэхүү статистик олон улсад 1-3 хувьтай байгаа.  Харин манай улс хүнд, хөнгөн, хүндэвтэр оноштой хүмүүсийг буюу 10-15 хувийг хэвтүүлэн эмчилж байна. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт хэвтэж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 орчим  хувь нь хүнд оноштой байгаа” гэв.


Мөн тэрбээр, “Халдварын тоо буурахад гуравдугаар тунгийн хамралт чухал ач холбогдолтой. Израилд хийсэн судалгаагаар, гуравдугаар тунд хамрагдсанаар 60-аас дээш насныхан өвдөх магадлалыг 10 дахин, хүндрэх, нас барах магадлалыг 11 дахин бууруулж байгаа судалгаа гарсан. Израйл улс хүн амаа “Файзер”-ын вакцинаар дархлаажуулсан. Манай улсын хувьд иргэдийн ихэнх нь гуравдугаар тунд “Файзер”-ын вакциныг сонгож вакцинжуулалтад хамрагдсан” гэв.


Энэхүү вакцины үр нөлөө дельта хувилбарт нөлөөлж байгаа нь судалгаагаар батлагдаж байгаа учир иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг тэрбээр уриаллаа. 


Холбоотой мэдээ