Г.Ганбаяр: Бага хурлаар зөвхөн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-06 16:37:33

МАН-ын Бага хурлын VI хуралдаан одоо Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хуралдааны явцын талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр мэдээлэл хийв.

Тэрбээр, “МАН-ын бага хурлаар намын дарга М.Энхболдын УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон тайланг авч хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжлээ. Тус хурал одоо Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх явцаар үргэлжилж байна. Өмнө нь хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Намын дарга М.Энхболд бага хурлын гишүүдэд ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулж байна. Ерөнхий сайдын асуудлыг УИХ-ын МАН-ын бүлгээр дамжуулж УИХ-д танилцуулна. Эл асуудлыг намын бүлгээс маргааш Төрийн ордонд тусдаа хэвлэлийн бага хурал хийж мэдээлэх болно.

Өнөөдрийн бага хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөх асуудлыг давхар хэлэлцэнэ" гэв. Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Ерөнхий сайдад хэн хэнийг нэр дэвшүүлсэн бэ?

-Удирдах зөвлөлийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг дэвшүүлсэн боловч нэр дэвшигчид

талархал илэрхийлээд улс орны эдийн засаг хүнд үед санхүүгийн мэргэжилтэй, дадлагатай туршлагатай, орон нутгийн ажил амьдралыг мэддэг хүн байх нь дээр хэмээн үзэж байгаа хэлээд нэрээ татсан. Ингэснээр нэг нэр дэвшигчийн нэр тунаж үлдээд байна.

-Хурлын танхимаас нэр дэвшүүлэх бололцоо бий юу?

-МАН-ын дүрмээр хурлын танхимаас нэр дэвшүүлэх бололцоотой.

-Тус хурлаар яамдын асуудлыг хэлэлцэх үү?

-Энэ удаагийн хурлаар сайд нарын нэрс, яамдын тоо яригдахгүй. Зөвхөн Ерөнхий сайдын асуудал яригдана.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ