14 өрхөд 63 сая төгрөгөөр мал худалдан авч өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-12 20:20:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр"-ийн хүрээнд малчдад малжуулах санхүүгийн дэмжлэг олгох ажлыг зохион байгууллаа.

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлөөр уг ажлыг Алтанцөгц, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл суманд хэрэгжүүлэхээр баталжээ.

Хөтөлбөрт 18-45 насны, хоёроос доошгүй гишүүнтэй, малгүй болон богд шилжүүлэхэд 200 хүртэл толгой малтай, цаашид мал маллах боломжтой малчин өрхүүдийг хамруулсан байна. Энэ хүрээнд 150 хүртэл толгой малтай өрхөд 5 сая, 150-200 малтай бол 4 сая төгрөгийн үнэ бүхий мал олгосон аж.

Хөтөлбөрийн нийт санхүүжилт 65 сая төгрөг байжээ. Үүнээс 63 сая төгрөгөөр Алтанцөгц, Улаанхус сумаас тус бүр 3, Ногооннуур, Цэнгэл сумаас тус бүр 4 өрхөд нийтдээ 4 адуу, 14 үхэр, 181 хонь, 323 ямааг орон нутгийн иргэдээс худалдан авч өгсөн байна.

Малжуулсан иргэд авсан малынхаа үнийг 36 сарын дотор мөнгөн хэлбэрээр 100 хувь эргүүлэн төлөх ажээ. 

Холбоотой мэдээ