Төр, хувийн хэвшлийнхэн шинэ түвшинд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-09 12:56:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн худалдааны байгууллага үүссэний 100 жил, Сүхбаатар аймаг дахь ХАҮТ-ын 11 жилийн ойн хүрээнд төр, хувийн хэвшлийн хөгжлийн форумыг Баруун-Урт суманд зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн үе үеийн удирдлагууд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Гэвч цаашид илүү нягт байж, шинэ түвшинд хамтран ажиллана гэдгийг орон нутгийн удирдлагууд онцлов.

Форумд аймаг, сумын удирдлагууд болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон улсын болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, түүний үр дүнгийн талаар мэдээлэл сонссон юм.

Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, түүнийг төрийн дэмжлэгтэйгээр хэрхэн шийдвэрлэх боломж, гарц байгаа талаар хамтдаа нээлттэй хэлэлцэх хэлэлцүүлэг форумын хамгийн чухал хэсэг байлаа.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 230 гаруй худалдааны байгууллага бий. Эдгээрээс ихэнх нь хүнсний худалдаа эрхлэгчид. Тэд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд архи, тамхины тусгай зөвшөөрөл авахыг илүүд үздэг. Гэтэл хуулийн хүрээнд тавьж буй шаардлага нь орон нутагт хэрэгжих ямар ч боломж байдаггүй учир энэ нь тэдний үйл ажиллагаанд саад учруулдаг. Нөгөө талаар хэдийгээр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зөвлөн туслах чиглэлээр явуулдаг гэх боловч бодит байдал дээр хяналт шалгалт нэрийн доор дарамт шахалт байнга ирдэг, үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарт хориг тавьдаг, ажиллах боловсон хүчний дутагдалтай байдал зэрэг нь өнөө үед гол тулгамдаж буй асуудал болж байгааг илэрхийлж байлаа.

Харин аймаг, орон нутаг болон төрийн байгууллагын удирдлагууд аль болох хуулийн хүрээнд байж, хувийн хэвшлийнхнийг дэмжих, хамтрах чиглэлээр ажиллана гэдгээ хэлэв. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн түвшинд зохих шийдвэрүүдийг ч гаргах боломжтой гэсэн юм.


Форумын төгсгөлд аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 11 дүгээр сарын 1-нээс хойш орон нутгийн хэмжээнд ямар нэгэн байдлаар хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг тогтоохгүй гэдгийг албан ёссоор мэдэгдсэн. Үүнийг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид маш таатайгаар хүлээн авч, цаашдын үйл ажиллагаанд том дэмжлэг болно гэдгийг хэлж байлаа.

Энэхүү форумыг аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймаг дахь ХАҮТ хамтран зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид ивээн тэтгэгчээр оролцож байгаа аж. Форум шагнал гардуулах болон, баярын хүндэтгэлийн үйл ажиллагаагаар үргэлжилнэ.                                                                     

Холбоотой мэдээ