Энэтхэгт дроноор вакцин хүргэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-07 13:40:36

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт “COVID-19”-ийн вакцинжуулалтыг түргэвчлэхийн тулд вакцинуудыг арилжааны дроноор хүргэж эхэллээ гэж тус улсын Анагаах ухааны судалгааны зөвлөлийн эрдэмтэн, доктор Самиран Панда мэдээлжээ. 


BBC” телевизэд түүний мэдээлснээр, зүүн хойд нутгийн уулархаг бүсэд вакцинуудыг хүргэхэд дрон ашиглаж байгаа ажээ. Дронуудын хувьд 4.5 кг ачаа буюу дээд тал нь 900 тун вакцин тээвэрлэх чадалтай байна. 


Даваа гарагт зүүн хойд нутгийн Манипур мужид вакцин хүргэх анхны туршилтыг хийсэн бөгөөд 10 тун тээсэн дрон Бишнупур хотоос Каранг аралд 12 минутад хүрчээ. Нийт 3500 оршин суугчтай Карангад завь, замаар хүрч очиход ойролцоогоор дөрвөн цаг зарцуулдаг байна.


Энэтхэг нь 2021 оны эцэс гэхэд вакцин хийлгэх боломжтой бүх иргэнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа юм. Гэвч энэхүү зорилтод хүрэхийн тулд вакцинжуулалтын хурдыг одоогийнхоос нэмэгдүүлэх хэрэгтэй байна.


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 920 сая гаруй тун вакцин тарьжээ. Тодруулбал, “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой хүн амын 70 орчим хувь нь вакцины эхний тунг тариулсныг албан ёсны мэдээлэл харуулж байна.


Энэтхэгт “COVID-19” халдварын 33 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээр АНУ-ын араас хоёрдугаарт, халдварын улмаас 440 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр АНУ, Бразилын араас гуравдугаарт бичигдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ