Хакүхо зодог тайлах хүсэлтээ өргөн барьжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-09-30 10:01:53

ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Хакүхо зодог тайлах хүсэлтээ албан ёсоор өргөн барилаа гэж Сүмо бөхийн холбоо лхагва гарагт мэдээлжээ. Түүний хүсэлтийг өнөөдөр батлах төлөвтэй байна.


Дээд зиндааны 45 башёд түрүүлэн дээд амжилт тогтоосон тэрбээр зодог тайлахаар төлөвлөж буйгаа дэвжээний багшаараа дамжуулан даваа гарагт холбоонд мэдэгджээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Хакүхо гэмтэл бэртлийн улмаас Ёкозүнагийн хувиар 15 өдөр үргэлжилдэг башёд цаашид оролцох боломжгүй гэж үзсэн тул дэвжээгээ орхихоор шийдвэрлэжээ.


Сүмо бөхийн холбоо Ёкозүна Хакүхог “ояката” болохыг зөвшөөрөх, Магаки эрх олгох эсэх талаар холбогдох хороог хуралдуулсан байна.


Уг хорооны дарга Имай Тамакигийн ярьснаар, Хакүхогийн дэвжээн дээрх тактик, зан төлөвт шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байдаг тул түүнийг дасгалжуулагч болгоход санаа зовниж буйгаа зарим гишүүн илэрхийлжээ.


“Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахдаа олон талын санал бодлыг сонсож, түүнийгээ холбооны удирдах зөвлөлд хүргүүлнэ” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.


Сүмо бөхийн холбоо Хакүхог “ояката” дасгалжуулагч болохыг зөвшөөрөх эсэх шийдвэрийг мөн өнөөдөр албан ёсоор гаргах төлөвтэй байгаа ажээ.  

Холбоотой мэдээ