Азийн хуульчид хуран чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-07-05 12:21:17

Азийн 23 орны хуульчдын 30 холбооны тэргүүнүүдийг оролцуулсан бүс нутгийн хууль зүйн салбарын том хэмжээний уулзалт буюу Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн 27-р дээд хэмжээний чуулга уулзалтыг энэ сарын 20-22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн 2015 онд Энэтхэгийн Гао хотод болсон хуралдаанаас дараагийн буюу 2016 оны 27-р хуралдааныг эх орондоо зохион байгуулах эрхийг Монголын Хуульчдын холбоо /МХХ/ авчээ.

Энэхүү уулзалтыг Монголын хуульчид эх орондоо анх удаа зохион байгуулах эрхтэй болсон нь байгуулагдаад гуравхан жил болж байгаа манай холбооны хувьд дараах ач холбогдолтой. Энэхүү хуралдааныг амжилттай зохион байгуулсанаар Холбооны нэр хүнд бүсийн хэмжээнд өсөн бэхжиж, бүсийн Хуульчдын Холбоодын илүү хүчирхэг холбоог бий болгоход идэвхитэй хувь нэмэр оруулж, гадаад хамтын ажиллагаа өргөжих;

Олон улсын хэмжээний хурал, хуралдааныг эх орондоо зохион байгуулах туршлагатай болж, бүсийн төдийгүй олон улсын бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах чадвартай болох;

Бүсийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад өөрийн улсын хууль тогтоомжийг сурталчлах, санал солилцох;

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хууль зүйн зөвлөгөө өгдөг компаниуд болон нөхөрлөлүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад орны ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай;

Өөрийн орны түүх, зан заншил, соёл урлагаа олон улсад сурталчлах зэрэг болно гэж МХХ-оос мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ