Жолооч нарын торгуулийг 50 хувь хөнгөлөх хугацаа хоёр хоногийн дараа дуусна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-28 13:12:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Цагдаагийн байгууллагаас энэ оны 7 дугаар сарын 6-наас хойш нийт 40 300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог нь сэргээсэн байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөөд байгаа.


Иргэд торгуулийн төлбөр төлөхдөө хоёр өөр дансанд тушаах юм. Үүнд:

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 100 200 000 952 дугаарын дансанд,
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 200 200 000 985 дугаарын дансанд тушаах юм байна.

Иргэд энэхүү өршөөлд хамрагдахын тулд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийн торгуулийн мэдээллээ шалгана.




Иргэн та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдах бөгөөд ил харагдаж байгаа мөнгөн дүн нь таны төлөх ёстой 50 хувийн торгууль гэсэн үг. Үүнийг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэх юм. Хэрэв 50 хувийн торгуулиа төлөөгүй тохиолдолд энэ оны 10 дугаар сарын 1-нээс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдана.


Иймд иргэд, жолооч энэ оны 10 дугаар сарын 1-нээс өмнө торгуулийн дүнгийн 50 хувийг төлснөөр төрөөс үзүүлж буй өршөөлийн хуульд хамрагдах юм.

Холбоотой мэдээ