Их Британид шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох арга хэмжээ авсаар байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-09-27 10:36:42

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Засгийн газар түлшний үйлдвэрлэлийг монополийн эсрэг хууль тогтоомжоос түр хасахаар болжээ. Энэ тухай тус улсын Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн сайд Кваси Квартенг салбарын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын дараа мэдэгдсэн байна. 


Их Британид шатахууны хиймэл эрэлт үүсээд буй үед шатахуун түгээх станцуудад түлшний нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд ийм арга хэмжээ авч байгаа аж.


1998 онд батлагдсан Өрсөлдөөний тухай хуулийг түр хүчингүй болгосноор шатахуун үйлдвэрлэгч компаниуд мэдээлэл чөлөөтэй солилцож, тус улсын зарим бүс нутгийн шатахуун түгээх станцуудын нийлүүлэлтийг оновчтой болгох шийдвэрийг хамтран гаргах боломжтой болно. Их Британийн хуулийн дагуу картель буюу өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ нь эдгээр үйл ажиллагааг ерөнхийд нь хязгаарладаг байна.


Их Британийн газрын тосны BP компани шатахууныг түгээх станцуудад хүргэдэг том ачааны тэрэгний жолооч хүрэлцэхгүй болсонтой холбоотойгоор  өнгөрсөн пүрэв гарагт хэд хэдэн шатахуун түгээх станцаа хаасан нь иргэдийн дунд хиймэл эрэлт үүсгэжээ. Хэдийгээр улс даяар BP компанийн 1200 станцаас ердөө хэдэн арван л хаагдсан боловч баасан, бямба гаргуудад шатахуун түгээх станцуудад машинуудын урт дараалал үүсэж, зарим нь их хэмжээний эрэлтээс болж огт шатахуунгүй болсон байна.


Том ачааны тэрэгний жолооч хүрэлцэхгүй болсны шалтгаан нь цар тахал төдийгүй Brexit-тэй холбоотой юм. Сүүлийн хоёр жилд ЕХ-ны орнуудын мэргэжлийн олон мянган жолооч Их Британийг орхин гарсан бол цар тахлын улмаас шинээр жолооч бэлтгэх сургалт саатаж, олон оронд жолооны үнэмлэх олгох шалгалт явагдаагүй аж.


Сүүлийн өдрүүдэд Их Британийн Засгийн газар ачааны машин жолоодох эрхтэй гадаадын жолооч нарт виз олгох ажлыг хөнгөвчилж, холбогдох ангиллын үнэмлэх олгох журмыг түргэсгэх замаар асуудлыг шийдвэрлэх олон арга хэмжээ авч эхэлжээ.


Холбоотой мэдээ