Малчин залуу гэр бүлийн зөвлөгөөн үргэлжилж байна

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.mn
2021-09-25 11:02:42

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Бүрэн сумын 35 хүртэлх насны 22 залуу малчин гэр бүл хамарсан зөвлөгөөнийг Баян-Өнжүүл суманд зохион байгуулж байна.

Уг зөвлөгөөнийг энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн зүүн бүсийн 4 сумын залуусыг хамруулж Эрдэнэ суманд болж байсан юм.

Энэхүү зөвлөгөөн нь “Ковид-19” цар тахлын дэглэмийг баримтлан аймгийн 5 бүсэд хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 27, 29, 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд дараагийн 14 сумын залуусыг 3 бүсээр ангилж зөвлөгөөнийг зохион байгуулах юм.

Тус үйл ажиллагааны хөтөлбөрт залуу гэр бүлийн харилцаанд тулгамддаг асуудлууд, түүнийг даван гарах арга замын тухай лекц, сургалт, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгжийн мэдээллүүдийг багтаалаа. 

Уг зөвлөгөөний үеэр залуу малчид өөрт тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, санал дэвшүүллээ.

Оролцогчдын санал нэгтэйгээр илэрхийлж байсан асуудлуудаас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг Засгийн газраас тогтоох боломж, гарц байдаг бол уламжилж өгөхийг аймгийн удирдлагаас хүслээ.

Иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу мах, сүү, гурил, шатахууны үнэ өртөгт тогтсон ханш зарлавал малчид бидэнд нэн хэрэгтэй зүйл болно. Учир нь шатахууны үнэ өсөхөд өвс, малын тэжээл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд өсөж малчдыг гарах гарцгүй болгож, малчин байхаас илүү нийслэлд ажиллаж амьдрах эрмэлзэлтэй болгож байна. Энэ нь эргээд төрөөс малчдыг дэмжиж буй бодлого, төслийн эсрэг зүйл болоод байгааг олж харах хэрэгтэй байна гэлээ.  

Аймгийн удирдлагуудын зүгээс малчдын хүүхдүүд сурч боловсрох шаардлага байгааг онцоллоо. Түүнчлэн малчдаас ирүүлж буй асуудлууд болон саналуудыг холбогдох шатны хүмүүст уламжлахаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ