АНУ-д "Pfizer"-ын вакцины нэмэлт тунг эрсдэлтэй бүлэгт тарихыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-09-23 09:31:03

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer/BioNTech” компанийн коронавирусний вакцины нэмэлт /бүүстер/ тунг халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэгт хэрэглэхийг зөвшөөрчээ.


Тус байгууллагын цахим хуудаст мэдээлснээр, “Pfizer”, “BioNTech” компаниудын гарган авсан “COVID-19”-ийн вакциныг онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр вакцины хоёр тунг хийлгэснээс хойш дор хаяж зургаан сарын дараа нэмэлт тунг хэрэглэх боломжтой болжээ.


Хүч нэмэгдүүлэгч буюу гурав дахь тунг "65 ба түүнээс дээш насны хүмүүст", "өвчний явц хүнд байх эрсдэл өндөртэй 18-64 насны хүмүүст", мөн ажил мэргэжлээсээ шалтгаалан халдвар авах эрсдэлтэй хүмүүст хийх юм.


АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарган авсан “Comirnaty” коронавирусний вакцины нэмэлт тунг их хэмжээгээр хэрэглэх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцжээ. Хурлын үеэр зөвлөлийн олон гишүүн энэхүү вакцины нэмэлт тунг их хэмжээгээр хэрэглэхэд аюулгүй эсэхийг батлах хангалттай мэдээлэл өгөөгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, мөн зарим мэргэжилтэн нэмэлт тунг тарих нь ач холбогдолтой эсэх талаар эргэлзэж байсан байна.


Гэсэн хэдий ч хэсэг завсарласны дараа зөвлөл хоёр дахь санал хураалт явуулж, 65 ба түүнээс дээш настай, хүнд өвчтэй америкчуудад нэмэлт тунг хэрэглэхийг зөвшөөрчээ.


Холбоотой мэдээ