Үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас гурван айлын гэр, 20 айлын хашаа нурсан байна.
Тодруулбал, тус дүүргийн 1, 8 дугаар хорооны Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 04 дүгээр хороо, Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хорооны 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хорооны Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автсан байна. Мөн 8 дугаар хорооны Нарлагийн нэгдүгээр гудамжинд байрлах дэд станц усаар дүүрсэн байна.
Эдгээр дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, 18 хүний амь насыг авран хамгаалж, 1 автомашиныг аюулгүй газарт гаргалаа.
Түүнчлэн үерийн хор уршгийг арилгахаар
дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч түгээх төв, “Чандмань Налайх” ОНӨААТГ-ын
нийт 55 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын
хэлтсээс мэдээллээ.