Жонсон, Байден нар Орос, Хятадын талаар баримтлах чиг шугамыг тохиролцжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-09-22 11:39:52

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар мягмар гарагт Цагаан ордонд уулзлаа. Хоёр улсын удирдагч нар олон улсын, тэр дундаа Орос, Хятадтай холбоотой асуудлыг урьдын адил Лондон, Вашингтоны нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан шийдвэрлэхээр тохиролцов гэж Их Британийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газраас мэдээлжээ.


“Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар БНХАУ, ОХУ зэрэг олон улсын хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, эдгээр асуудлаар баримтлах чиг шугамыг хоёр улсын нийтлэг үнэт зүйлд тулгуурлан үргэлжлүүлэхээр тохиролцлоо" гэж мэдэгдэлд дурджээ. Мэдэгдэлд мөн Борис Жонсон АНУ-ын Ерөнхийлөгчийн өмнө нь зарласан “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-ыг тэсэн ядан хүлээж байгааг тэмдэглэсэн байна.


Түүнчлэн талууд Афганистан дахь холбоотнуудын үйл ажиллагааны талаар хэлэлцэж, энэ улсад амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх хамгийн сайн арга бол тус улсад хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд дипломат болон хүмүүнлэгийн бүх боломжийг ашиглах, "Афганистанд олсон амжилтаа хадгалж үлдэх" явдал юм гэж дүгнэжээ.


Тэд мөн “Талибан”-ыг олон улсад хүлээн зөвшөөрөх асуудлыг тус хөдөлгөөний гишүүд хүний ​​эрхийг хүндэтгэж, дагаж мөрдөж байгаа эсэхээс хамаарч зохицуулах ёстой гэдэгтэй санал нэгдсэн байна.


Жонсон, Байден нар мөн уур амьсгалын асуудлаар өгсөн амлалтаа улс орнууд биелүүлэх, коронавирусний вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй түгээх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.


Үүнээс гадна,  Австрали, Их Британи, АНУ -ын аюулгүй байдлын шинэ түншлэл болох AUKUS -ийн талаар дурджээ. "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өнгөрсөн долоо хоногт зарласан AUKUS түншлэл нь Их Британи, АНУ-ын нийтлэг үнэт зүйлсийг тодорхой тусгасан гэдэгтэй санал нэг байна. Энэхүү эвсэл нь ирээдүйд тулгарах сорилтуудыг шийдвэрлэхэд их британи, америк, австраличуудын чадварыг ашиглан дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг цохон тэмдэглэлээ" гэж мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ