Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, хамтарсан сургалт эхлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-21 14:26:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх ажлыг ОБЕГ-аас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.


Уг сургалт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх ба тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн байрлалын зураглал гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.


Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгуулж байгаа юм.


Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрэн хайх, аврах газрын шумбалт, усны бүсээс эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах тусгай зориулалтын хэлтсийн орлогч дарга Аникиев Алексей Васильевич нар оролцон сургалтад амжилт хүсэж албан ёсоор эхэлсэн байна.


Мөн Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг сургалтад хамрагдаж байгаа мэргэжлийн усчин аврагчид бие даан гүйцэтгэхээр бэлтгэгдэж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.



Холбоотой мэдээ