Төвлөрлийг сааруулах талаарх бодлогын хэлэлцүүлэг боллоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-09-20 23:37:39

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд холбогдох журмын төслүүдийг хэлэлцүүлж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх. Хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор холбогдох журмын төслүүдийг орон нутгийн удирдлага, албан хаагчдаар  хэлэлцүүлэх ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн ИТХ, Удирдлагын академи, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл, нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх нь төсөл болон аймгийн ИТХ, ЗДТГ, 24 сумын удирдлага, албан хаагчид танхим болон цахимаар оролцлоо. Хэлэлцүүлгээр орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүгийн нөөцийн дутагдал. Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг хязгаарлагдмал, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүрэг давхардсан. Төрийн үйлчилгээний талаар шийдвэр гаргалт, удирдлага болон санхүүжилт хэт төвлөрсөн тул төвлөрлийг сааруулах асуудлуудыг ярилцлаа. Ийнхүү улсын болон орон нутгийн түвшинд дээрх асуудлуудыг авч үзэн, холбогдох арга хэмжээг зохион байгуулж буй юм. Төвлөрлийг сааруулж, орон нутагт холбогдох эрх мэдэл, удирдлага, санхүүжилтийг шилжүүлснээр нутгийн удирдлагын байгууллагын бодлого боловсруулах. Шийдвэр гаргах үйл явцад иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо нэмэгдэх.

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болж, хүний нөөцийн тогтвортой байдал бий болох зэрэг олон давуу талтай юм. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр оролцогчид бүлгээр ажиллаж, оролцогчдоос гарсан саналуудыг боловсруулан дүгнэх юм гэв.

Ташрамд Монгол Улсад Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл  2015 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэхүү төслийн техник туслалцааны хүрээнд Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”, 2018 оны 22 дугаар тогтоолоор “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал”-ыг тус тус баталсан билээ. Дээрх баримт бичгүүдэд тусгасан үзэл баримтлал, зарчмуудыг хууль, эрх зүйн орчинд тусгах, хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

Холбоотой мэдээ