Ажлын байрны дагалдан сургалтад орон нутгийн эмч, сувилагч нарыг хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-17 19:20:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Эрүүл мэндийн  салбарын  ажиллагсдын  нийгмийн  баталгааг  хангах зорилгоор Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт эмч мэргэжилтнүүдийг ажлын байрны дагалдан сургалтад хамруулж байна.

Төрөлжсөн  мэргэжлийн  эмч  нарыг  2, 3 дахь шатлалын эмнэлгүүдэд дагалдан сургалтаар сургаж  бэлтгэснээр  тойргийн  болон алслагдсан  сумдад  эмнэлгийн  тусламж  үйлчилгээг  цаг  алдалгүй  үзүүлж,  иргэдийн чирэгдлийг  багасган  орон нутагт  мэс  заслын  тусламж  үйлчилгээг  авах  нөхцөлийг  бүрдүүлж байна.  

Улаанбаатар хотод Шинэ-Идэр сумын Эрүүл  мэндийн  төвийн  мэс заслын их эмч  Б.Баярсайхан,  Цагаан-Уул  сумын  Эрүүл  мэндийн  төвийн  Яаралтай тусламжийн их  эмч  Б.Нарантунгалаг нар Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгтэй хамтран Мэдээгүйжүүлэгч  эмчийн  6 сарын  ажлын  байрны  дагалдан  сургалтад  хамрагдаж  мэргэшсэн байна. 

Аймгийн нэгдсэн эмнэлэгт Цагаан-Уул, Шинэ-Идэр сумын мэс заслын эмч,  мэдээгүйжүүлэгч  эмч,  сувилагч  нар  Мэс  засал,  Мэдээгүйжүүлэгч  эрчимт  эмчилгээний тасаг,  Эх  барих  төрөх  эмэгтэйчүүдийн тасгуудад ажлын байрны дагалдан сургалтад хамрагдан мэргэжлийн  эмч,  сувилагч  нартай  хамтран  багаар ажилласнаар тусламж үйлчилгээний мэдлэг, ур чадварыг эзэмшиж байна. 



      

Холбоотой мэдээ