УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-17 16:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр АНУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби, Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол, Америкийн парламентын хамтын ажиллагааны хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д хийж буй албан ёсны айлчлалтай уулзалт давхцаж байгааг онцлоод хоёр орны харилцаа Стратегийн түншлэлд хүрсэн нь улс төрийн итгэлцлийг бататган, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байгааг тэмдэглэлээ. 


Мөн айлчлалын хүрээнд улс төр, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааны нийтлэг үнэт зүйлсийг бататгасан чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.


Элчин сайдын яамны төлөөлөгчид хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд томилогдож ирээд удаагүй ч үр дүнтэй уулзалтуудыг хийж  байна. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ. Тухайлбал, мэргэжлийн холбоодтой хамтран ноос ноолуурын салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон улсад танигдсан үндэсний брэнд бий болгоход дэмжлэг үзүүлсэн. Мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Хэлэлцээр амжилттай хэрэгжвэл дараа дараагийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэмдэглээд Улсын Их Хурал дахь Авлигын эсрэг лобби бүлгийн талаар лавлав.


УИХ-д таван гишүүний бүрэлдэхүүнтэй Авлигын эсрэг лобби бүлэг байгуулагдсан. Бүлгийн гишүүд авлигатай тэмцэх асуудлыг зөвхөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлахгүйгээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад манлайлж оролцдог гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ. Уулзалтаар талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ