Италид бүх ажилтнаас “COVID-19”-ийн ногоон паспорт шаардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-17 13:58:45

РОМ. /Euronews/. Италид ирэх 10 дугаар сарын 15-наас эхлэн бүх ажилтанд “COVID-19”-ийн ногоон паспорттой байх шаардлага тавихаар болжээ. Ингэснээр ийм шийдвэр гаргасан Европын анхны орон болж байна.


Тодруулбал, Европын орнуудад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас заавал шаардаж буй ногоон паспортыг Италид бүх салбарын ажилтнаас шаардахаар болжээ. Өвлийн улиралд халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилго бүхий энэхүү шийдвэр энэ оны эцэс хүртэл хэрэгжих ажээ. 


“Засгийн газар эрүүл мэндийн паспорттой холбоотой журмыг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс цаашид төрийн төдийгүй хувийн хэвшлийн салбарт нэвтрүүлнэ” гэж Бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Мариастелла Гельмини мэдэгджээ. Тийнхүү ногоон паспортгүй ажилтнуудыг цалингүйгээр түр чөлөөлнө. 


Европын хэд хэдэн оронд “COVID-19”-ийн паспортыг зоогийн болон цэнгээний газар, музей, театр зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ заавал үзүүлэхийг шаардаж буй юм. Мөн Грект энэ долоо хоногоос вакцинд хамрагдаагүй ажилтнуудыг шинжилгээнд хамруулж эхэлжээ.


Европт сүүлийн долоо хоногуудад ногоон паспортыг эсэргүүцсэн олон жагсаал өрнөсөн бөгөөд жагсагчдын хувьд энэхүү арга хэмжээг эрх чөлөөнд халдаж байна гэж үзэж байна.


Италид ногоон паспортыг эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас дөрөвдүгээр сараас шаардаж эхэлсэн бол энэ сараас багш нар, төрийн албан хаагчдад ийм шаардлага тавьж эхэлжээ.


Өнөөдрийн байдлаар Италийн 12-оос дээш насны иргэдийн 75 орчим хувь нь коронавирусний вакцины ядаж нэг тунд хамрагдаад байна.


“Вакцин бол “COVID-19”-тэй тэмцэх цор ганц зэвсэг юм. Бид хүн амынхаа дийлэнх хэсгийг вакцинжуулснаар л халдварын тархалтыг хяналтдаа авах боломжтой” гэж М.Гельмини мэдэгджээ. 

Холбоотой мэдээ