ДЭМБ: Дэлхий даяар тарьсан вакцины ердөө хоёр хувь нь Африкт ноогдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-15 12:35:30

ЖЕНЕВ. /Business Standard/. Дэлхий даяар “COVID-19”-ийн 5.7 тэрбум гаруй тун вакцин тариад байгаагийн ердөө хоёр хувь нь Африкт ноогдож байгаатай холбоотойгоор тус тивийн орнууд вакцинжуулалтын түвшнээрээ бусад улс орнуудаас хол хоцрон үлдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт анхаарууллаа.


“ДЭМБ энэ оны эцэс гэхэд улс орон бүрийн хүн амын дор хаяж 40 хувийг, ирэх оны дунд үе гэхэд 70 хувийг вакцинжуулахыг зорьж байна. Гэвч одоогоор Африкийн хоёрхон орон л хүн амынхаа 40 хувийг вакцинжуулаад байгаа нь бусад бүс нутгуудтай харьцуулахад хамгийн сул үзүүлэлт болоод байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Энэ нь Африкийн орнуудад “COVID-19”-ийн вакциныг тарих хүчин чадал, туршлага дутмаг байгаатай бус дэлхийн улс орнууд тэдгээрийг үл хайхарч буйтай холбоотой юм” гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Өнгөрсөн онд ДЭМБ болон түүний түншүүд дэлхий дахинд “COVID-19”-ийн вакцинуудыг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрийг санаачилсан билээ. Өнөөдрийн байдлаар, энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 141 оронд 260 сая гаруй тун вакцин нийлүүлжээ. Гэсэн хэдий ч вакцин үйлдвэрлэгчид хоёр талын гэрээг чухалчилж, өндөр орлоготой олон орон дэлхий вакцины нийлүүлэлтийг хааж байгаатай холбоотойгоор “COVAX” ч мөн тодорхой сорилтуудтай тулгарах болжээ.


Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хуралд оролцсон Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жон Нкенгасонгийн мэдээлснээр, африкчуудын 60 хувийг вакцинжуулах зорилтыг албан ёсоор дэвшүүлээд байгаа боловч одоогоор ердөө 3.5 хувь нь л “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн байна.


Мөн Т.Гербейесус, “Вакцины хүртээмж ийнхүү тэгш бус хэвээр байвал вирус үргэлжлэн тархаж, хувьсан өөрчлөгдөж, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учруулсаар байхын зэрэгцээ вакцины үр дүнг бууруулах нөлөө бүхий шинэ хувилбарууд шинээр үүсэх магадлал нэмэгдэнэ” гэдгийг анхааруулжээ. 


ДЭМБ, Африкийн Холбоо, “COVAX” хөтөлбөрийн хувьд “COVID-19”-ийн вакцинуудыг тэгш хуваарилах хөтөлбөрийг эн тэргүүнд тавихыг вакцин үйлдвэрлэгчдэд, вакцинаасаа хуваалцах амлалтаа биелүүлж, вакцины технологи, оюуны өмчийн асуудлыг хөнгөвчлөхийг дэлхийн улс орнуудад уриалсаар байгаа юм.


Тодруулбал, наймдугаар сард ДЭМБ эхний тундаа ч хамрагдаагүй байгаа эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцинжуулахыг чухалчлан нэмэлт тун тарих хугацаагаа есдүгээр сарын эцэс хүртэл хойшлуулахыг улс орнуудаас хүссэн юм. Гэвч вакцины хүртээмж тэгш бус хэвээр байсан тул бүх улс орон хүн амынхаа дор хаяж 40 хувийг вакцинжуулах хүртэл буюу оны эцэс хүртэл гурав дахь тунг тарих хугацаагаа хойшлуулахыг хожим нь уриалсан билээ. 

Холбоотой мэдээ