Хөвсгөл нуурын эрэг орчмыг цэвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-09-10 11:10:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас Хөвсгөл нуурын эрэг хавийн цэвэрлэгээг улирлын эхэн, сүүлд тухайн орон нутгийн иргэн завьчин, жуулчны баазын ажилчидтай хамтран Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийлээ.


Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жил хөл хорионоос шалтгаалан Далайн захиргааны холбогдох мэргэжилтэн, байцаагчид эрэг дагуу усны хаялгаар гарч ирсэн хогийг хаман, далайн түрлэгээр усанд орж бохирдол үүсгэдэг эрэг дээрх хогийг зайлуулжээ.


Цэвэрлэх явцад олон тооны малгай, хувцас, гутал, углааш, ахуйн хог, ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, их хэмжээний хуванцар тоглоом, тор, гялгар уутны тасархай, тамхины иш гаргаж авлаа. Цэвэрлэсэн хогны хэмжээ нэг портер ачаа болжээ. Иймд ирэх жил тамхи, ахуйн хогоор далайгаа бохирдуудахгүй байхыг анхааруулан, бодит зургаар танилцуулга, сануулга хэвлүүлэн байршуулах талаар ярилцаж байна.


НҮБ-аас Далай тэнгисийн усыг хамгаалах тухай уриалга гарган, Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүрэг хүлээдэг. Хөвсгөл нуур бол дэлхийн цэнгэг усны нөөцөд бүртгэгдсэн стратегийн чухал обьект юм.


Далайн захиргаа нь усан замын тээврийн хяналтыг хариуцдаг төрийн байгууллага бөгөөд тээвэртэй холбоотой үйл ажиллагааг байгальд хоргүй байлгахад анхаардаг. Ялангуяа зуны улиралд жуулчид завиар үйлчлүүлдэг Хөвсгөл, Өгий нуурын усанд хог хаяхгүй, завинд шатах, тослох материал хийхдээ усанд асгахгүй байхыг завьчид, иргэдэд зааж зөвлөн, хянадаг аж. 

Холбоотой мэдээ