"Барилга экспо 2021” үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-09 16:50:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ үеийн барилгын салбарын 95 жилийн ойн хүрээнд “Барилга экспо 2021” үзэсгэлэнг төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээ байгуулан өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлээ.


14 дэх жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцон, шинэ дэвшилтэт техник технологи, үйлчилгээ, захиалга авч буй шинэ сууцны төсөл хөтөлбөр, барилгын материалаа танилцууллаа. Эндээс барилгын материал сонгох, ипотек, хувь лизингээр авах шинэ орон сууц, хаусны төслийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах, түүнчлэн 5-40 хувь хүртэлх хямдрал, урамшууллыг сонирхож болно. Оролцогч компаниудын бүтээгдэхүүн, барилгын материал, шинэ орон сууцны мэдээллийг www.barilgaexpo.mn сайтаас хүлээн авах боломжтой.


БХБ-ын сайд Б.Мөнхбаатар үзэсгэлэнгийн нээлтийн үеэр, “Цар тахал сүүлийн хоёр жилд улс, орнуудын эдийн засаг, нийгмийн бүх салбарт сөргөөр нөлөөллөө. Барилгын гол нэрийн импортын бараа, бүтээгдэхүүний тээвэр саатах, үнэ өсөх, хомсдох сөрөг үр дагаврыг үүсгэлээ. Импортыг орлох, дотоодын барилгын материал, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, чанарт жилээс жилд ахиц гарч байгаа. Үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн хувьд 6, бетон хийц, эдлэлийн хувьд 4, хөнгөн бетоны хувьд 2 дахин нэмэгдэж, бетон, төмөр бетон, барилгын дүүргэлтийн материал, хаших бүтээц, дулаалгын материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах түвшинд хүрлээ. Гэхдээ импортыг орлох зарим нэр төрлийн барилгын материалыг дотоодод үйлдвэрлэн, экспортлох хүчин чадал бүхий барилгын материалын үйлдвэрийг бүсчлэн байгуулах шаардлага бий.

Одоогоор барилгын материалын 40 хувийг шинжилж байгаа нь чанарын хяналт хангалтгүй байгаа хэрэг. Барилгын материалын үйлдвэрүүд дотооддоо бүтээгдэхүүнийхээ чанарыг хянадаг лабораторитой байх, шинжилгээний үр дүнг хянадаг лавлагаа лаборатори байгуулах шаардлага бий. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод барилгын материалын сорил, шинжилгээний түргэвчилсэн лаборатори байгуулж байна” хэмээжээ.


Өнгөрсөн оны 10 дугаар сараас ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон багасгаж, зээлийн эх үүсвэрийг 3 дахин нэмээд байгаа. Энэ оны есдүгээр сарын зургааны байдлаар 727 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн зээлийг 9 661 зээлдэгчид олгоод байна. Энэ зээлийн 76 хувийг нийслэл, 24 хувийг орон нутгийн иргэдэд олгожээ. Цаашид жил бүр 700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтэд олгож, барилгын компаниудын борлуулалтыг дэмжих аж.


Үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл гарах юм. 


Холбоотой мэдээ