Мал сүргийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-09-08 17:26:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улсын хорио цээрт малын гоц халдварт шүлхий өвчин Баянхонгор аймагт тууврын замаар орж ирж байгааг холбогдох албанаас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан МЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Саранчимэг нарын гишүүнтэй ажлын хэсэг Жинст, Богд, Өлзийт, Баацагаан суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Ажлын хэсгээс тухайн сумдын Онцгой комиссын дэргэд байгуулсан Шуурхай штабуудын ажлын явц, төлөвлөгөө байдалтай танилцаж шаардлагатай арга зүй, зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байгаа аж. Мөн өвчлөл гарсан сумдын малын эмчийн хүрэлцээ дутмаг байдалд зохицуулалт хийж, өөр сумаас малын эмчийг татан авч ажиллуулж эхэлжээ.

Мал сүргээ дархлаажуулах ажлыг хурдацтай эхлүүлж, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал сүргийн шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг ажлын хэсэг сумын малчин өрх нэг бүрд анхааруулж, малчдыг мэдээллээр шуурхай хангаж ажиллахыг шуурхай штабуудад чиглэл болгоод байна.

Сонирхуулахад, Шүлхий өвчний халдварыг таслан зогсоох, голомтыг устгах, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор  Баянхонгор аймаг энэ сарын 6-ны өдрөөс Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг нутаг дэвсгэрийн хэмжээндээ бүрэн хориглоод байгаа аж.

Холбоотой мэдээ