Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-09-07 16:39:22

Завхан/МОНЦАМЭ/. “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр дэмжиж, хамтран ажиллаж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тухайлбал Тосонцэнгэл суманд хоногт 500 бог нядлах хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэртэй болжээ. “Баянньюфүүдсентури” ХХК нь 2.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар хоногт 500 бог, 200 бод нядлах хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Тус компани боловсруулсан махаа Улаанбаатар хот болон гэрээт газруудад нийлүүлдэг аж.

Харин өнгөрсөн онд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах буюу хиам зайдасны үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийг шинэчлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улиастай сумын “Манлай баян ургац” ХХК 200.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөтгөжээ. Тус компани нь Улиастай сум болон аймгийнхаа 23 сумыг бүх төрлийн хиам, сосиск болон, даршилсан загас, адууны махан бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ. Мөн Улиастай суманд "Баяжих сүрэг" ХХК нь өөрийн 100.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мал нядалгааны газар байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна гэв. 

Холбоотой мэдээ