Оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар батлав.
Ингэснээр оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2024 он хүртэл дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Нийт 10 га газрыг хамарсан цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулах аж.
Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулан, 1987 онд хаагдсан ч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Дэнжийн мянга", "Зурагт" зэрэг гэр хорооллын дунд оршдог. Улаанбаатар хотын ЗАА-наас энэ газарт 2015 онд тооллого хийхэд 47.3 мянган шарил байгаагаас 15.6 мянга нь эвдэрч муудан, ухагдаж, тоногдсон байв. Оршуулгын газар нь 2015 онд 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тогтоогдсон ч энэ оны тооллогоор нэр нь тодорхойгүй булшны тоо 20 орчим хувиар нэмэгдсэн байна.
Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчин, олон жилийн хугацаанд өвчин үүсгэсээр байдаг аж. Өмнө нь тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах концессын гэрээ хийсэн ч хэрэгжүүлэхгүй өдий хүрчээ.