С.Дарамдад: "Хөгжил" хорооллын 1-6 дугаар гудамжны айл өрх “Солонго” дулааны станцаас халаалтаа авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-03 10:50:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын дулаан хангамжийн 90 гаруй хувийг дангаараа хариуцдаг “Мандал Голомт” ХХК-ний Гүйцэтгэх захирал С.Дарамдадтай өвөлжилтийн бэлтгэл ажил болоод “Хөгжил” хорооллын дулаан хангамжийн асуудлын талаар тодруулга мэдээлэл авлаа.

-Сайн байна уу. Танай компанийн тухайд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ? 

-Манай компани 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 45 ажлыг 600 гаруй сая төгрөгийн төсөвтэйгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын 55 хувийг хийж гүйцэтгээд байна. 

-Удахгүй халаалтын улирал эхлэх гэж байна. Одоогоор бэлтгэл ажлынхаа 55 хувийг хангасан гэлээ. Тэгэхээр засвар үйлчилгээний ажил хангалтгүй байгаа юм шиг санагдлаа. Учир байдлыг тайлбарлавал?

-Энэ зуны хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахал болох коронавирусний халдвар тархсан хил гааль хаагдсантай холбоотойгоор бараа материалын татан авалт саатах мөн олдоц муудах, үнийн хувьд өсөлт их зэргээс шалтгаалж байна. Түүнчлэн 2020-2021 оны борлуулалтын орлогоос 300 гаруй сая төгрөг дутуу орсноос бид төлөвлөсөн ажлуудыг төлөвлөгөө графкийн дагуу цаг хугацаандаа хийж амжихгүй нөхцөл байдал үүсээд байна. 

-Сүүлийн үед “Хөгжил” хорооллын дулаан хангамжийг “Солонго” дулааны станцруу холбох асуудал яригдаад байгаа. Энэ асуудал хэзээнээс яригдаж эхлэв. Одоо ямар шатандаа явж байна вэ? 

-Энэхүү 2019 оноос хойш “Хөгжил” хорооллын хэрэглэгчид “Солонго” дулааны станцаас дулааны эрчим хүчээр хангагдах хүсэлтийг гаргаж байснаас яригдаж эхэлсэн. Хүсэлтийн дагуу бид аймаг орон нутгийн удирдлагуудтай зөвшөлцсөний үндсэн дээр 2020 оны 10 дугаар сард тус хорооллын 7-10 дугаар гудамжийг “Солонго” дулааны станцад шилжүүлсэн. Харин үлдсэн 1-6 дугаар гудамжийг “Солонго” дулааны станцад шилжүүлэх талаар холбогдох газрууд болох аймгийн ЗДТГ болон “Солонго” дулааны станцад 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу 2021 оны 8 дугаар сарын 20-ний өдөр дулааны шугам сүлжээнээс таслалт хийсэн байгаа. 

-Тэгэхээр тухайн хорооллын айл өрхүүд энэ жилээс эхлэн “Мандал голомт” ХХК-аас халаалт авахгүй гэсэн үг үү. Тухайн шилжүүлэх ажилд танай байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар оролцож байгаа юу? 

-Тиймээ. "Хөгжил" хорооллын 7-10 дугаар гудамж “Солонго” дулааны станцаас халаалтаа авч байсан бол энэ жилээс эхлэн мөн хорооллын 1-6 дугаар гудамж тус дулааны станцаас халаалтаа авна. Үүнтэй холбоотойгоор шугам сүлжээ татах, холбох зэрэг бэлтгэл ажлыг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, “Солонго” дулааны станц ААТҮГ хариуцан ажиллаж байгаа. 

-“Мандал голомт” ХХК-аас халаалтаа авах аж ахуйн нэгж албан байгууллагуудад халаалтаа тогтсон хугацаандаа өгөх үү. Хэзээнээс усаа шахаж эхлэх вэ? 

Бид есдүгээр сарын 08-ны өдөр усаа шахаж шугамаа шалгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Халаалтын хувьд хуваарийн дагуу есдүгээр сарын 15-ны өдрөөс өгч эхэлнэ. Хэрэглэгчид маань энэ үлдэж байгаа цөөхөн хоногт багтааж дотор сангийхаа засвар үйлчилгээг гүйцэтгэх хэрэгтэй байна. Бид шаардлагатай байгууллага айл өрхөд халаалт хаасаны дараа мэдэгдэл хүргүүлсэн байгаа.

 -Цаг гарган ярилцсан танд баярлалаа.


Холбоотой мэдээ